Хөдөө аж ахуйн нэвтрүүлэх төв байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2018-06-28 14:40:59
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Төв аймаг Швейцарийн хөгжлийн агентлагийн “Монгол ногоо” төсөл, БНСУ-ын Кангвон мужийн дэмжлэгтэйгээр “Хөдөө аж ахуйн нэвтрүүлэх төв”-ийг Сэргэлэн сумын нутагт байрлах “Атрын шим” ХХК-нийн хүлэмжийн аж ахуйн дэргэд байгуулав.

Нээлтэд аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун, Швейцарийн Хөгжлийн Агентлагийн суурин төлөөлөгч Габриелла Спирли, Кангвон мужийн Хөдөө аж ахуйн технологийн хүрээлэнгийн хэлтсийн дарга Ким Ги Сон, “Монгол ногоо” төслийн зохицуулагч Т.Төрмандах болон тариаланчдын төлөөллүүд багтсан нийт 60 гаруй хүн оролцлоо.

Аймгийн эдийн засгийн үндсэн салбар, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж, хөрөнгө санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлж, шинжлэх ухааны ололт тэргүүн туршлагыг нэвтрүүлэх зорилтын хүрээнд “Хөдөө аж ахуйн нэвтрүүлэх төв”-ийг байгуулж байна гэж аймгийн Засаг дарга Ж.Батжаргал хэлсэн үгэндээ онцолсон юм.

Шууд харилцаат БНСУ-ын Кангвон мужийн хөрөнгө оруулалтаар 2005 онд “Кангвоны хөдөө аж ахуйн хотхон” төслийг Сэргэлэн суманд амжилттай хэрэгжүүлсэн. Төслийн үргэлжлэл болгон тухайн хотхонд хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийг сургах, дадлагажуулах тус төвийг байгуулж байгаа юм.

Тус төвд танхимын хосолсон сургалтыг тогтмол зохион байгуулах, таримлын шинэ сорт, төрлүүдийг турших, шинэ техник технологи, ургамал хамгааллын бодисуудын туршилт хийх боломжтойгоос гадна тоног төхөөрөмж түрээслэх үйлчилгээг үзүүлэх аж.

Мөн энэ үеэр “Кангвоны хөдөө аж ахуйн хотхон”-д Солонгос загварын “Ухаалаг газар тариалан”-гийн туршилтын төслийг танилцууллаа.

Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ