Дэлхийн банкны тэтгэлэгт хөтөлбөрт Дарханаас найман сургууль хамрагдах боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-12-05 19:52:19

Дархан-Уул аймгийн Боловсрол, Соёлын Газраас эрхлэн үндэсний лаборатори “Оюуны-Ирээдүй” цогцолбор сургуультай хамтран зохион байгуулсан “Боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэн түгээж туршлага солилцох зөвлөлгөөн” болов.

Зөвлөлгөөний нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Б.Мөнхбат, БСГ-ын дарга Б.Ганчулуун нар оролцож “Шинэчлэсэн хөтөлбөр”-ийг түгээн дэлгэрүүлж буй боловсролын салбарын албан хаагчдад амжилт хүсч цаашид хамтарч ажиллахаа илэрхийллээ. Зөвлөлгөөнд аймгийн БСГ-ын мэргэжилтнүүд болон ерөнхий боловсролын сургуулиудын захирал, нийгмийн ажилтан, сургалтын менежер, багш нар нийт 100 гаруй төлөөлөл оролцлоо.

Энэ үеэр  БСГ-ын мэргэжилтнүүд “Боловсролын шинэчлэсэн хөтөлбөр”-тэй холбогдолтой мэдээллүүдийг хийсэн бол бусад гурван сургуулийн багш нар туршлагаасаа хуваалцлаа. Мөн Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн сангаас Монгол улсын боловсролын салбарт 30 сая ам долларын хөрөнгө оруулалт хийгдэж байгаагаас бага боловсролын чанарыг сайжруулж бүтээлч ажлыг дэмжих зорилготой сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр нь 6.1 сая ам доллараар хэмжигдэх аж. Уг тэтгэлэгт хөтөлбөрт Дархан-Уул аймгаас найман сургууль хамрагдах бололцоотой учраас сургуулиуд шалгарахын тулд яаж оролцох талаар мэдээлэл хийсэн юм. Түүнчлэн энэ хичээлийн жилээс үндэсний лабортори “Оюуны-Ирээдүй” цогцолбор сургуульд ахлах боловсролын цөм хөтөлбөр туршигдаж байгаатай холбогдуулж бусад ЕБС-дын удирдлагуудад нэгдсэн ойлголт өглөө.

                                                                                                                            Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ