Сэлэнгэ аймаг ирэх оноос “Сэлэнгэ төмс, хүнсний ногоо” хөтөлбөр хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-07-04 16:42:02
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ нутгийн брендийг бий болгон улсын хэмжээний үйлдвэрлэлд эзлэх байр суурийг өсгөж, гадаад зах зээлд нийлүүлэх боломжийг хангах зорилго бүхий “Сэлэнгэ төмс, хүнсний ногоо” хөтөлбөрийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 60 дугаар тогтоолоор баталлаа.

Хөтөлбөрийг Монгол дахь НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Монгол ногоо” төсөл, “Тогтвортой амьжиргаа-3” төсөл, Монгол-Германы Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн газар, төрийн бус байгууллагууд, хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчидтэй хамтран хоёр үе шаттайгаар 2019-2021 он, 2021-2024 онуудад хэрэгжүүлэх ажээ.
“Сэлэнгэ төмс, хүнсний ногоо” хөтөлбөр нь:
-Үйлдвэрлэл эрхлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, мэргэжилтэй боловсон хүчнийг мэргэжлийн байгууллагуудаар дамжуулан бэлтгэх, ногоочдыг чадавхижуулах, анхан шатны санхүүгийн сургалтыг орон нутагт нь зохион байгуулах,
-Төмс хүнсний ногооны нутагшсан сортын үр үржүүлэх арга ажиллагааг дэмжиж, үрийн хангамжийг нэмэгдүүлэн “Сэлэнгэ” нэртэй төмс, хүнсний ногооны сортыг бий болгох,
-Үйлдвэрлэлд дэвшилтэт техник технологийг нэвтрүүлж, өрхийн хэмжээнд тохирсон үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, хүлэмжийн аж ахуй, зоорь агуулахын багтаамж, бага дунд оврын тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх,
-Төмс, хүнсний ногоо боловсруулах, жижиг дунд үйлдвэр болгон хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, борлуулалтын сүлжээг бий болгох зэрэг үндсэн 4 зорилтын хүрээнд хэрэгжих юм байна.
Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр орчин үеийн дэвшилтэт техник, технологийг төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлд нэвтрүүлж, салбарын тогтвортой хөгжлийг ханган, хүнсний ногооны төрөл зүйлийг нэмэгдүүлж чадсан амжилтанд хүрсэн байх ажээ.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ