Үндэсний их баяр наадмыг угтан Сэлэнгэ аймгийн удирдлагууд мэндчилгээ дэвшүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-07-06 12:48:47
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 97 жилийн ой, Сэлэнгэ аймгийн 87 жилийн ойн баяр, Үндэсний их баяр наадмыг угтан Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил нар баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Ардын хувьсгалын түүчээ, амуу тарианы өлгий, өөдөө заяатай өргөн Сэлэнгэ нутгаас нийт Монгол түмэндээ, тэр дундаа эх орныхоо 4 зүг 8 зовхист амьдран суугаа Сэлэнгэчүүддээ Ардын хувьсгалын 97 жилийн ой, Сэлэнгэ аймгийн 87 жилийн ойн баяр, Үндэсний их баяр наадмын чин сэтгэлийн  мэндийг хүргэж мэндчилье.
Цадиг түүхийн үргэлжлэл болсон Сэлэнгэ нутгийн зон олны ажил үйлс өөдрөг байж, 2018 оны эхний хагас жилийн байдлаар аж үйлдвэрийн салбарт 160 гаруй тэрбум төгрөгийн бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, айл өрх бүрийг өглөөний цайтай байлгах эрхэм үүрэгтэй тариаланчид маань 190 мянган га-д тариалалт хийх төлөвлөгөөгөө давуулан биелүүлээд байна.
Сэлэнгэ нутгийн хөгжлийн түүчээ, ирээдүй хүүхэд залуучууд эрч хүчтэй байж,  урлаг, спорт, оюун ухаанаараа улсдаа төдийгүй тив дэлхийд алдраа мандуулан эх орон, нутаг усныхаа нэрийг гарган бахархам байгаад бид бүхэн сэтгэл хангалуун байна.     
       Нар хур тэгширсэн дэлгэр сайхан зундаа    
       Найр цэнгэлийн дээд үндэсний их баяр наадамдаа  
       Сэлэнгэ сайхан нутгийн минь      
       Аварга хүчит бөхчүүд нь аатай бяртай байж     
       Аргамаг хурдан хүлгүүд нь айраг түрүүнд хурдалж     
       Эрхий мэргэн харваачид нь цэц мэргэн байж    
        Сайхан наадахын өлзий билэгт ерөөлийг өргөн дэвшүүлье гэжээ.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ