Өнгөрсөн онд гэмт хэргийн улмаас 1758 хүүхэд хохирчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-07-06 17:35:16
Улаанбаатар /МОНЦАМЭ/  Монголын Ногоон намын “Залуу ногоонтнууд” гишүүд өнөөдөр  “Хүүхэд бидний ирээдүй” сэдэвт онол практикийн бага хурлыг  Засгийн газрын 11 дүгээр байранд зохион байгууллаа. 

Монголын Ногоон намын дарга О.Бум-Ялагч “Нийгэмд хамгийн тулгамдаж буй нь хүүхдийн эрхийн асуудал болоод байна. Үндсэн хуулийн 16.2-т иргэн бүр эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан. Гэтэл өнөөдөр хүүхдийн хүчирхийлэл газар авсаар, хурдан морь унаач хүүхдүүд амь нас эрүүл мэндээрээ хохирсоор л байна. Арабын Нэгдсэн Эмират улсад хүүхдүүдээрээ бус роботоор тэмээгээ унуулдаг болсон. Манайх хурдан морио роботоор унуулдаг болвол хүүхдийн эрх зөрчигдөхгүй байх боломжтой. Мөн хүүхэд амь нас, эрүүл мэндээрээ хохирсон олон арван гэмт хэргүүд гарч байна. Ийм үед залуу ногоонтнууд маань энэхүү хурлыг зохион байгуулж байгаа ч хүүхдийн эрхийн тухай ярьдаг олон хүн, байгууллагаас урилга аваад ирсэнгүй. Цагаа тулахаар хүүхдийн төлөө ингэж л хандаж байна”  хэмээн ярилаа. 

Тус намын удирдах зөвлөлийн гишүүн, хуульч А.Саруул “Манай улсад хүүхдийн эрхийн тухай хууль, тогтоомж байгаа боловч хуулийн хэрэгжилт сул байна. Хүүхдийн эрх томчуудын эрхээс доогуур байж болохгүй” гэсэн бол “Улсаа хамгаалах хөдөлгөөн”-ий тэргүүн А.Эрдэнэбат “Хүүхдийн эрх гэр бүлийн орчинд 15,6 хувь, сургуулийн орчинд 36,2 хувь, гудамж талбайд 53,8 хувь тус тус зөрчигдөж байна. Хүүхдийн айдсыг зарим нэг  багшаас эхлээд  сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш зэргээс эхлэн сургуулийн атаман, төрсөн болон хойд эцэг эх, ах эгч, хамаатан садан нь ч төрүүлдэг гэсэн судалгаа байна” гэж ярив.
Хохирогчдын холбооны тэргүүн н.Оюунцэцэг “Манай холбооноос хамгийн их анхаарал хандуулдаг нь хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдал. Үүнтэй холбоотой манай холбооноос Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Морин спорт, уяачдын холбооны дарга, намын бүлгүүдэд шаардлага хүргүүлсэн. 2017 онд  629 хүүхэд мориноос унаж, 17 хүүхэд нас барсан. Гэтэл мориноос унаж амь нас эрсдсэн тохиолдолд тавхан сая төгрөгийн нөхөн олговор олгодог” гэж онцлов.
Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн н.Бадамцэцэг “2017 онд Монгол Улсын хэмжээнд гэмт хэргийн улмаас хохирсон хүүхэд 1758, гэмт хэрэгт холбогдсон 1076 хүүхэд байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй 11453 хүүхэд, бүтэн өнчин 3430 хүүхэд байна. Тиймээс хүүхдийн төлөөх анхаарал халамж, хараа хяналт юунаас ч чухал болоод байна” гэдгийг анхааруулав.   
Б.Содгэрэл
 

Холбоотой мэдээ