Эрх чөлөөнийхөө төлөө тэмцсэн баатруудад зориулсан гэрэлт самбарыг босгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-07-06 17:45:17

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймагт Бүгд Найрамдах Тыва улсын дээд хурлын төлөөлөгч Олег Сарыглар, Тывагийн музейн орлогч захирал Петровна, Тыва улсын иргэдийн төлөөлөл хүрэлцэн ирж эрх чөлөөний хувьсгалын дурсгалын самбарыг нээжээ.
Дурсгалын самбарыг нээх ёслолд аймгийн Засаг даргын Орлогч Б.Ариунаа, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Үнэнхүү, Завхан аймгийн музейн захирал Ж.Юнрэндорж нарын удирдлагууд,Орон нутгийг судлах музейн ажилтнууд эрх чөлөөний хувьсгалд оролцож байсан баатруудын үр сад болох Тыва улсын иргэд оролцжээ. Энэхүү дурсгалын самбарыг эрх чөлөөнийхөө төлөө тэмцсэн баатруудын гэгээн дурсгалд зориулан босгожээ.

1883-1885 оны хооронд Манжийн дарлалын эсрэг 300 тува иргэн босож тэмцсэн нь Бүгд Найрамдах Тыва улсын түүхэнд хамгийн олон хүнийг хамарсан бослого гэж тэмдэглэгдсэн байдаг ажээ. Тэдгээр хүмүүсээс 60 иргэнийг нь барьж, манжийн шоронд хорьсноос 47 хүнийг нь цаазалж, толгойг нь моринд ил ганзагалуулан Увс аймгаар тойруулан явуулж нутагт нь хүргэж байжээ. Эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж алтан амиа алдсан тэр зоригт эрчүүдийг Улиастай сумын Алаг нүдэнгийн аманд цаазлан хороосон түүхтэй ажээ. Ийнхүү тус аманд Тывагийн эрх чөлөөний хувьсгал удирдсан 60 баатарт зориулсан түүхэн дурсгалын самбарыг хоёр орны ард түмэн хамтран босгосон нь энэ юм. Энэ бол хоёр орны төдийгүй Улиастайчууд бидний хамгийн түрүүн мэдэх үнэн түүх юм хэмээн албаны улсууд онцолжээ. 

Б.Мягмарсүрэн 


Холбоотой мэдээ