“Нэг уут хог, нэг сугалаа” аян наадамчдад хоггүй орчин бүрдүүлж өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-07-16 18:53:36
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар тохижилт үйлчилгээ ОНӨҮГ, аймгийн Байгаль орчны газартай хамтран баяр наадмын өдрүүдээр “Нэг уут хог, нэг сугалаа” аяныг явуулжээ. Хүүхэд, томчууд өөрийн түүсэн нэг уут хогоо авчирч тушаагаад, оронд нь сугалаа сугалан азтан болсон байна. Сугалаа бүр нь хонжвортой 500 ширхэг сугалааг тусгайлан бэлтгэж, супер хонжворт нь унадаг дугуй бэлэглэжээ.

Хоггүй наадах уриалгын хүрээнд явагдсан тус аяны хүрээнд хоёр хоногийн хугацаанд 20 орчим тонн хог төвлөрүүлж,  наадамчид ч хоггүй сайхан орчинд наадаж чадсан юм.

“Бид богино хугацаанд энэ санааг гарган маш амжилттай хэрэгжүүллээ. Хамгийн гол нь бидний энэ ажлыг хүүхэд багачууд маш сайн дэмжиж, хамтран ажиллаж чадсан. Ингэхээр манай зам талбайн цэвэрлэгчдийн ачаалал ч эрс багасаж, хамтын хүчээр бид хоггүй наадаж болдог гэдгийг харуулсан. Наадмын талбай болон морь барианы газарт хоёр зэрэг сугалааны ажлаа явуулаад хогоо төвлөрүүлсэн. Наадамчин олон болоод аймаг орон нутгийн зүгээс энэхүү ажлыг маань зөв санаачлага байсныг магтан сайшаасан. Ер нь цаашдаа ч ийм журмаар баяр наадмыг зохион байгуулах боломжтой юм байна гэж харж байгаа. Нөгөө талаар манай иргэд ч зөв сайхан баярлаж сурч байна. Тавьсан шаардлага, уриалгыг таатайгаар хүлээн авч, хэрэгжүүлдэг болсон нь ажиглагдсан. Одоо бид Алтан-Овооныхоо их тахилгын үеэр энэ ажлаа арай шинэлэг байдлаар хийхээр төлөвлөөд байна.” гэж Сүхбаатар тохижилт үйлчилгээ ОНӨҮГ-ын дарга С.Ганбат хэллээ.
Т.Одончимэг
Холбоотой мэдээ