Улаан ямааны омгийг баталгаажуулах ажлыг хийж эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-12-07 21:32:29

Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд үржүүлж буй ноолуурын Улаан ямааны омог батлуулахад одоогийн байдлаар орон нутгийн хөгжил сангаас 33 сая төгрөг, ээмэгний үнэнд 10.5 сая, үржлийн ажилд 4.5 сая төгрөгийг орон нутгаас зарцуулаад байна.

Хүнс, хөдөө аж ахуйн сайдын тушаалаар батлагдсан “Мал, тэжээвэр амьтдын үржил, селекцийн ажлын ололтыг хянан магадлах, баталгаажуулах бүртгэх, хяналт тавих журам”-ын дагуу Бөмбөгөр суманд үржүүлж буй ноолуурын “Бөмбөгөрийн улаан ямааг омог болгох нь” ажлын хүрээнд явуулсан үржил селекцийн ажлын үр дүнг хянан магадлах, дүгнэлт гаргах ажил саяхан хийгджээ. Ингэхдээ улаан ямааны махны ашиг шимийн судалгаа, хэмжилт хийх зорилгоор  цөм сүрэгтэй болох 10 гаруй айлын 300 ямаанд хэмжилт хийж, эр 3, эм 3, нийт 6 ямаа сонгон махны ашиг шимийн шинжилгээ хийлгэхээр дээжийг авсан байна.

Ажлын хэсэг Хүнс, хөдөө аж ахуйн яамны Засгын газрын хэрэгжүүлэгч агентлаг, Мал эмнэлэг, үржлийн газрын дарга Д.Батсүрэнгээр ахлуулан ажиллаж Бөмбөгөрийн улаан ямааны омгийн тодорхойлолтыг хийж, гарал үүсэл, зүс, ашиг шимийн ижил төстэй байдлаар жигдэрч, бусдаас ялгарсан, селекцийн ялгарал нь бодитоор тогтоосон байна. Мөн “Хөдөө аж ахуйн маркетинг” төслөөс хэрэгжүүлж буй Бөмбөгөрийн улаан ямааг сайжруулагчаар ашиглаж хээлтэгч, хээлтүүлэгч бэлдэж Хангайн сумын ямааг сайжруулах зорилгоор Увс аймгийн Өлгий сумаас 100 хээлтэгч хээлтэй зусаг ямаа ирж Улаан сайр нэгдүгээр багийн малчин Т.Хүрэлбаатар 50  эм ямаа, Г.Галбадрах 50 эм ямааг хүлээлгэн өгсөн байна.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ