Даншиг наадмын үеэр монголын соёлын өвийн ховор нандин шүтээн үзмэрүүдийг үзэх боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
nandintsetseg@montsame.gov.mn
2018-07-23 15:13:19
NandiaMontsame
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Даншиг наадам- Хүрээ цам 2018” Шашин соёлын наадам ирэх сарын 4-5-ны өдрүүдэд Хүй долоон худагт болно. Энэ жилийн наадамд их нас, жороо морьд уралдаж, 256 хүчит бөх зодоглохын зэрэгцээ анх удаа морьт харвааны тэмцээн зохион байгуулах юм.

Наадамчин олон Очирваань бурханы их тахилга, Хүрээ цамын хурлыг даган баясаж, буян хураахын зэрэгцээ монголын соёлын өвийн болон МБШТөв Гандантэгчэнлин хийдийн ховор нандин шүтээн үзмэрүүдийг үзэж сонирхох боломжтой.   

Түүнчлэн наадмын үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын  тэмцээн ба цам харайх, маань татах, Соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлээс гадна аялал жуулчлал, шашин соёлын эд зүйлсийн үзэсгэлэн,  урлагийн тоглолт зэрэг олон сонирхолтой арга хэмжээ болохыг зохион байгуулагчид онцоллоо.  

“Өнгөрөгч 2017 онд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулсан Даншиг наадмыг 76 мянган жуулчин үзэж сонирхосон. Монголын Аялал жуулчлалын холбоо Даншиг наадмын үеэр Монголд ирэх жуулчдыг наадмын хөтөлбөрт хамруулах  тал дээр анхаарч, аялал жуулчлалаас олох ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж байна. 2017 онд Монголд 470 мянган жуулчин аялаж 400 сая ам.долларын ашиг өгсөн гэх тооцоо бий” хэмээн Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх ярив.

Даншиг наадам- Хүрээ цамын ёслолыг Гандантэгчэнлин хийд дөрөв дэх жилдээ хамтран зохион байгуулж буй юм. Энэ удаагийн наадамд баг өмсгөлтэй 90 лам цам харайж, хөгжим, уншлага зэрэг бусад үйл ажиллагаанд 60 лам оролцох аж.  Мөн үеэр Их Очирваань бурханыг тахих бөгөөд тахилагад нийслэл хот ба орон нутгийн бүх сүм хийдийн лам нар оролцдогоороо онцлогтой.

Даншиг наадмыг угтаж наймдугаар сарын 2-ний өдөр Гандантэгчэнлин хийдэд Жахар хот мандал өргөж, Балин тахиж , баг Адислах бол 3-ны өдөр Хүрээ жахар цамын хурал хурж , Дотоод цам харайна. Харин 6-ний өдөр Гомбо, Чойжоо сахиус тахиж, Данриг, Хүрээ жахар цамын хурал хурах юм байна.
Л.Нандиа
Холбоотой мэдээ