Украины хоёр иргэн 180 жил хоригдох ялаар шийтгүүлжээ

Дэлхийд | Нийгэм
nyamtulga@montsame.gov.mn
2018-07-24 08:59:05
twitter.com/Nyamkanmk
ПИРИУС. /Sputnik/. Грекийн шүүх дүрвэгсдийг хууль бусаар хил давуулсан хэргээр Украины хоёр иргэнд 180 жил шоронд хорих ял оноожээ.

Серхи Швэйук, Петро Литвинчук нар 63 цагаачийг усан онгоцоор тээвэрлэж явах үедээ баривчлагдсан байна.
ЕХ-ны гишүүн орны хилийг хууль бусаар нэвтэрсэн, зорчигчдын амь насыг эрсдэлд оруулсан, яаралтай тусламжийн хэрэгсэл байхгүй байсан, усан онгоц жолоодох эрхгүй байсан зэрэг шалтгаанаар тэдэнд хэрэг үүсгэжээ.

“Эхэндээ тэд 630 жил хоригдох ялаар шийтгүүлсэн. Ялын тогтоол танилцуулах үеэр тэдэнд 10-15 жилийн хоригдох ял нэмж оноож магадгүй. Учир нь тэд хууль бус цагаачид” гэж тэдний өмгөөлөгч Захария Кесес мэдэгдлээ.

Харин гэмт хэрэгтнүүдийн ар гэрийнхэний мэдээлснээр, тэд Туркт байхдаа хууран мэхлэгдсэн байна.

"Миний хүү усан онгоцны ахмадын танил байсан бөгөөд хууль ёсны дагуу ажиллахаар тийшээ аялсан. Гэвч тэд заналхийлэлд өртөж, цагаачдыг тээвэрлэхээс өөр аргагүй байдалд орсон. Тэд Грекийн эргийн хамгаалалтын ажилтнуудад баривчлагдах үед ямар буруу зүйл хийснээ ч мэдэхгүй байсан" гэж Литвинчукийн ээж хэвлэлд ярилцлага өгсөн байна.
 
Д.Нямтулга
Холбоотой мэдээ