Хятадын тэргүүн хатагтай охидын ахлах сургуулиар зочилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-07-24 09:32:56
КИГАЛИ. /Синьхуа/. БНХАУ-ын дарга Си Жиньпинийн гэргий Пэн Лиюань өнгөрсөн даваа гарагт Руанда улсын хойд нутгийн Кигали хот дахь охидын ахлах сургуулиар зочилж, хоёр улсын боловсролын солилцоог сайжруулахыг уриалжээ.

П.Лиюань нь Руанда улсын боловсролын яамны урилгыг таатай хүлээн авч тус улсын тэргүүн хатагтай Жаннетт Кагаметэй хамт охидын “FAWE” ахлах сургуулиар зочилжээ. Тэднийг хоёр сурагч цэцэг бэлэглэн угтсан байна.

Хятадын тэргүүн хатагтай физикийн лабораторид сурагчдын туршилт хийж байгааг үзсэн бөгөөд түүний дараа газар зүйн ангид зочлох үеэр Хятад улсын талаархи сурагчдын мэдлэг түүнд өндөр сэтгэгдэл төрүүлсэн ба Хятадын талаархи ойлголтоо улам сайжруулахыг сурагчдад уриалсан байна. Сурагчдын төлөөлөл түүнд өөрсдийн гараар урласан бэлгийг дурсгасан бол тэргүүн хатагтай охидын сургуульд сургалтын хэрэгсэл хандивлажээ.

“Боловсрол бол улсын хөгжил хийгээд ард түмний аз жаргалтай амьдралын үндэс юм. Миний бие эхнэр болон ээж хүний хувьд хүүхэд бүр тэр дундаа охидыг сайн боловсрол эзэмшиж, тэгш эрх эдлээсэй гэж хүсдэг” гэж П.Лиюань онцлон тэмдэглэжээ. Мөн Хятад-Руанда улсын боловсролын салбарын хамтын ажиллагаа, харилцан солилцоо нь цаашид улам өргөжинө хэмээн найдаж буйгаа илэрхийлээд энэ нь хоёр улсын найрсаг харилцаа өргөжин бэхжихэд чухал нөлөө үзүүлнэ гэжээ.
Э.Хулан
 
Холбоотой мэдээ