“MH17” нисэх онгоцны томоохон хэлтэрхийнүүдийг олжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2018-07-24 09:33:50
twitter.com/Nyamkanmk
ГААГА. /TASS/. Украины зүүн нутагт осолдсон Малайзын агаарын тээврийн “MH17” нисэх онгоцны томоохон хэлтэрхийнүүд сүйрэл болсон газарт байсаар байна гэж “Новини” цахим хуудасны сэтгүүлч Эрик ван де Бэк мэдэгдлээ.

“MH17” нисэх онгоцны сүйрэлтэй холбоотой энэхүү шинэ мэдээлэл уг цахим хуудсанд нийтлэгдсэн бөгөөд хэд хэдэн зураг, видеог хавсаргасан байна. Нисэх онгоцны сүүл, их бие, далавчны хэсэг, хүчилтөрөгчийн үүсгүүр зэрэг зүйлс эдгээр зургаас харагдаж байгаа аж.

"Эдгээр хэлтэрхийнүүдийг “Google Earth” программыг ашиглан харж болохоор тийм том байгаа юм. Голландын томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд үүний талаар мэдээлэл хийхгүй өнгөрсөнийг шүүмжлэх нь миний хувьд хэрээс хэтэрсэн хэрэг л дээ. Гэвч Голландын хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ мэдээллийг сонирхохгүй байгаа бол магадгүй Донбассын эрх баригчид эдгээр хэсгүүдийг ОХУ-ын албаны хүмүүст шилжүүлэн өгөх боломжтой юм” гэж Эрик ван де Бэк хэллээ.

Харин уг мэдээллийг нийтэлсэн Стефан Бек, “гол асуудал юу гэхээр сүйрлээс үлдсэн эдгээр хэсэг нь уг сүйрлийн шалтгааныг тогтооход ямар чухал вэ гэдэгт байгаа юм. 1992 онд Амстердамд болсон нисэх онгоцны ослын шалтгааныг тодруулахад ганц боолт л тус болсон” гэж хэлээд, “MH17” нисэх онгоцны ослын шалтгааныг тогтоосон гэж Голландын прокурорууд хэлсэн боловч сүйрлийн газарт байгаа онгоцны үлдэгдлийг хэн ч судлахгүй байгаагаас үзвэл тэдний гаргасан дүгнэлт эргэлзээтэй байгаа юм гэдгийг онцолжээ.
 
Д.Нямтулга
Холбоотой мэдээ