Умард Солонгос энхийн гэрээ байгуулах асуудлаар идэвхтэй ажиллахыг уриалж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-07-24 10:19:25
МОСКВА. /ТАСС/. Энхийн гэрээ байгуулах асуудлаар илүү идэвхтэй ажиллахыг Умард Солонгос улс Өмнөд Солонгост уриалжээ. Умард Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлагийн өнгөрсөн даваа гарагт тараасан мэдэгдэлд дурдсанаар, энхийн гэрээ байгуулна гэдэг нь хойшлуулж боломгүй шийдвэр, урт хугацааны түүхэн сорилт юм гэж тэмдэглэжээ.
 
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нар өнгөрсөн 4 дүгээр сарын 27-нд түүхэн дээд хэмжээний уулзалт хийх үеэрээ Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулж, 1950-1953 оны Солонгосын дайныг дуусгасан түр эвлэрлийн гэрээг энэ ондоо багтаан энхийн гэрээ болгож өөрчлөхөөр тохиролцсон билээ.
 
Үүнтэй холбоотойгоор Умард Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлаг тэмдэглэхдээ "Панмүнжомын тунхаглалд зөвшилцсөн зүйлийг Өмнөд Солонгосын засгийн газар ч мөн хэрэгжүүлэх хэрэгтэй. Дайныг зогсоох асуудалд Өмнөд Солонгос гар хумхин зүгээр суух ёсгүй” гэжээ.  
 
Түүнчлэн Солонгосын дайныг дуусгах үйл хэрэгт хувь нэмрээ оруулахыг Умард Солонгосын “Arirang-Meari” сэтгүүл Өмнөд Солонгосын эрх баригчдад уриалжээ. “Өмнөд Солонгосын Засгийн газар юу ч хийхгүй зүгээр суух аваас хоёр Солонгосын өнгөрсөн 4 дүгээр сард хүрсэн тохиролцоо утга учраа алдана” гэж тус сонин тэмдэглэсэн байна.
 
Энэ оны эхээр Умард Солонгос цөмийн зэвсэг хийгээд баллистик пуужингийн туршилтаа зогсооно гэсэн шийдвэр гаргах үеэс Солонгосын хойгт үүссэн хурцадмал байдал намжаад байгаа юм. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун Өмнөд Солонгосын төрийн тэргүүн болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Си Жиньпин, ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров нартай хоёр талын уулзалтуудыг хийсэн билээ.
 
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ