Хэт халалт дэлхий дахиныг хамарч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
nyamtulga@montsame.gov.mn
2018-07-24 10:40:37
twitter.com/Nyamkanmk
ТОКИО. /NHK/. Хэт халалт Япон ч гэлтгүй дэлхийн бусад орнуудыг хамраад байна. Өмнөд Солонгост урьд өмнө тохиож байгаагүйгээр хамгийн дээд цэгтээ хүрч халсан бол Нордик буюу Умардын орнууд болон АНУ-д мөн хэт халсны улмаас ган гачиг, ой хээрийн түймэр зэрэг сөрөг үр дагаврыг үүсгээд байна.

Өчигдөр буюу даваа гарагт Өмнөд Солонгосын хойд нутгийн Гёнгсанг мужид агаарын хэм Цельсийн 39.9-д хүрсэн бол Сөүл хотод 35.7 хэм хүрчээ. Харин шөнө агаарын хэм хамгийн багадаа 29.2 хэм байсан нь урьд нь үүссэн их халалтаас давсан үзүүлэлт болж бүртгэгджээ.

Үүний зэрэгцээ галт тэрэгний төмөр зам Цельсийн 60 хэмээс хэтэрсэн байсан тул аюулгүй байдлын үүднээс галт тэрэгний хурдыг 70 км/цаг болгон хязгаарласан гэж Өмнөд Солонгосын хэвлэлд мэдээлэв.

Харин Шведэд өнгөрсөн долоо хоногт агаарын хэм Цельсийн 30-аас давсан байна. Энэ нь тус улсын хувьд долдугаар сарын агаарын дундаж хэмээс 10 хэмээр давсан үзүүлэлт ажээ. Үүний улмаас ган гачиг үүсч, өргөн хүрээг хамарсан ой хээрийн түймэр гарсан байна. Шведийн Засгийн газар үүнтэй холбогдуулан Франц, Герман болон бусад орнуудаас гал сөнөөгчид илгээхийг хүсчээ.

Тэгвэл сүүлийн өдрүүдэд АНУ-ын баруун болон өмнөд нутгуудад мөн хэт их халалт болжээ. Долдугаар сарын 8-ны өдөр Калифорни муж улсын Үхлийн хөндийд Цельсийн 52 хэм хүртэл халсан байна.
 
Д.Нямтулга
Холбоотой мэдээ