Сомали дахь цэргийн бааз руу халджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.gov.mn
2018-07-24 11:10:42
twitter.com/Nyamkanmk
МОГАДИШО. /ВВС/. Сомалийн өмнөд нутаг дахь цэргийн бааз руу террористууд халджээ. Босогчид халдлагыг эхлэхээсээ өмнө цэргийн бааз руу тэсрэх бөмбөг ачсан машин илгээсэн байна.

Кисмайо боомт хотоос 50 км зайд орших цэргийн бааз руу халдаж, 27 цэргийн амийг хөнөөсөн гэж “Аль-Шабаб” террорист бүлэглэл мэдэгдэв.

Харин Сомалийн Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч “ВВС” агентлагт, "манай цэргийн хүчин босогчдын эсрэг хүчтэй давшсаны эцэст босогчдын хяналтад ороод байсан цэргийн баазыг хяналтдаа оруулсан. Цэргийн баазыг босогчдоос чөлөөлөх ажиллагааны үеэр 87 босогчийг устгасан бол зургаан цэрэг ажиллагааны үеэр амиа алдсан" гэж мэдэгдлээ.

Сомали дахь “Ал-Каида” бүлэглэлтэй холбоотой босогчдыг нухчин дарах Засгийн газрын ажиллагаанд Африкийн Холбооны цэргийн хүчний 22 000 гаруй цэрэг эр оролцож байгаа ажээ. Үүний зэрэгцээ АНУ тусгай ажиллагаа явуулах, Сомалийн Засгийн газрын хүчнийг бэлтгэх зорилгоор хэдэн зуун цэргээ тус улс руу илгээсэн байна.

Баар Сангуни дахь цэргийн бааз руу халдсаны дараа Сомалийн Засгийн газрын хүчний цэргүүд ой мод руу зугтан орсон гэж “Аль-Шабаб” бүлэглэлийн хэвлэлийн төлөөлөгч Абдиазоз Абу Мусаб мэдэгджээ.
 
Д.Нямтулга
Холбоотой мэдээ