Умард Солонгос ахмад дайчдын чуулга уулзалт зохион байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.gov.mn
2018-07-24 11:42:51
twitter.com/Nyamkanmk
СӨҮЛ. /Yonhap/. Солонгосын дайн дууссаны 65 жилийн ойг тохиолдуулан Умард Солонгос ахмад дайчдын үндэсний чуулган зохион байгуулна гэж тус улсын хэвлэлд мэдээлжээ.

БНАСАУ-ын нэр төр, бүрэн эрхт байдлыг нэр төртэйгээр хамгаалж, гайхамшигт ялалт байгуулсан ахмад дайчид бүгд энэ чуулганд оролцоно гэж тус улсын “КСNA” агентлаг мэдээлсэн байна.

Тав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа энэ чуулган Умард Солонгосын нийслэл Пхеньян хотод болох ажээ. Чуулга уулзалт яг хэзээ, ямар зохион байгуулалттай болох талаар нарийн мэдээллийг “КСNA” агентлаг мэдээлэлдээ дурдаагүй байна.

1953 оны долдугаар сарын 27-нд талууд дайныг зогсоох албан ёсны гэрээ байгуулснаар Солонгосын дайн төгсгөл болсон билээ. Тухайн өдрийг Умард Солонгос “Ялалтын өдөр” хэмээн тэмдэглэдэг билээ.

Умард Солонгос ахмад дайчдын энэхүү чуулга уулзалтыг анх 1993 онд зохион байгуулж, дайн дууссаны 40 жилийг тэмдэглэсэн бол бусад гурав нь 2012, 2013, 2015 онд болжээ.
 
Д.Нямтулга
Холбоотой мэдээ