Сирийн армийн хуаранд цохилт өгснийг буруушаав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРДАМАСК. /SANA/. Сирийн Дейр-эз-Зор мужид байрладаг тус улсын армийн цэргийн хуаранд АНУ тэргүүтэй эвсэл агаарын цохилт өгснийг Сирийн Гадаад хэргийн яам буруушаав.
Дейр-эз-Зор мужид байрладаг Сирийн армийн цэргийн хуаранд АНУ тэргүүтэй эвслийн байлдааны 4 нисэх онгоц 9 пуужингаар цохилт өгөх үеэр 3 цэрэг амь үрэгдэж, 13 цэрэг шархадсан байна. Мөн 3 хуягт машин, 4 цэргийн тээврийн хэрэгсэл, 23 мм-ийн пулемёт, 14.5 мм-ийн пулемёт болон зэр зэвсгийн нөөцийг сүйтгэсэн гэж Гадаад хэргийн яам мэдээлжээ.
АНУ тэргүүтэй эвслийн түрэмгий үйлдэл НҮБ-ын дүрмийг зөрчиж буй бөгөөд Сири уг үйлдлийг эрс буруушааж байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн дарга нарт илгээсэн захидалдаа Сирийн Гадаад хэргийн яам илэрхийлжээ.
Цэргийн хуаранд цохилт өгсөн нь терроризмтой хийж буй тэмцэлд саад учруулж, АНУ тэргүүтэй эвсэл буурь суурьгүй хандаж, итгэл хүлээхгүй байна гэж Сири үзэж буй бөгөөд ийм түрэмгийллээс урьдчилан сэргийлэхийн тулд яаралтай арга хэмжээ авахыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд уриаллаа.
Х.Аминаа