Дэлхий дахинд өлсгөлөн хүчтэй газар авч байгаад сэтгэл түгшиж байна

Дэлхийд | Улс төр
172@montsame.mn
2018-07-29 12:19:33
БУЭНОС-АЙРЕС. /РИА Новости/. Аргентины нийслэлд энэ оны долдугаар сарын 27-28-нд болсон “G20” буюу “Их 20”-ийн орнуудын хөдөө аж ахуйн сайд нарын уулзалтаас гаргасан тунхаглалд сайд нар дэлхий дахинд өлсгөлөн хүчтэй газар авч байгаад сэтгэл түгшиж буйгаа илэрхийлээд, өлсгөлөнг үндсээр нь арилгах чиглэлд хамтран ажиллахаа мэдэгджээ.
 
“Хэдэн жил арай гайгүй байсан өлсгөлөн 2016 онд дэлхийн хэмжээнд хүчтэй газар авч, одоо 815 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж, 2 тэрбум хүн хоол тэжээлийн орлуулахын аргагүй бичил элементүүдийн дутагдалд ороод байгаад бид сэтгэл ихээхэн түгшиж байна” гэж уг тунхаглалд тэмдэглэсэн байна.
 
“Өлсгөлөнг арилгах зорилгодоо хүрэх хийгээд идэвхтэй, эрүүл амьдралыг хангах хүрэлцээтэй, хоргүй, тэжээллэг хоол хүнсийг хүн бүрт хүртээмжтэй болгохын тулд хөдөө аж ахуйг тогтвортой хөгжүүлэхийн төлөө бид хамтран ажиллах үүрэг хүлээж байна” гэж дээрх баримт бичигт онцолжээ.
 
Лу.Батбаяр
Холбоотой мэдээ