Булган аймгийн ой, Хангайн бүсийн уралдаанд 1000 гаруй хурдан хүлэг тоосоо өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-07-30 18:16:39
Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн Баяр наадам, “Хангайн бүсийн хурд-2018” хурдан морины уралдаанд газар газрын 1000 гаруй хурдан хүлэг тоосоо өргөлөө.
Хурдан азарганы уралдаанд Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат уяач Б.Наранхүүгийн бидэрт халиун түрүү магнай болж, аман хүзүүнд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уяач Н.Баттөмөрийн хонгор хурдалж, Ховд аймгийн Мянгад сумын уяач, аймгийн алдарт уяач З.Мэндсайханы сартай хүрэн, Төв аймгийн Цээл сумын уяач М.Ганбатын бор халзан, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уяач Д.Жамьянгийн саарал айргийн тавд ирлээ.
Их насны 240 орчим хурдан хүлгэээс Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уяач Н.Баттөмөрийн хар түрүүлж, Говь-Алтай аймгийн Шарга сумын Монгол Улсын тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хонгор халзан аман хүзүүнд давхиж, Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул Монгол Улсын тод манлай уяач Д.Хишигжаргалын хээр, Ховд аймгийн Чандмань сумын уяач Б.Махбалын зээрд, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат уяач М.Нуваантаяагийн бор айрагдлаа.
Хурдан соёолон насны морьдоос Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул аймгийн алдарт уяач Ж.Бат-Эрдэнийн бор түрүүлж, Ховд аймгийн Мянгад сумын аймгийн алдарт уяач З.Мэндсайханы сартай хүрэн аман хүзүү, Дорнод аймгийн Хэрлэн сумын уяач С.Батмөнхийн буурал, Архангай аймгийн Чулуут сумын уяач Т.Бадамжунайн хул, Хэнтий аймгийн Галшар сумын А.Амарбатын хонгор халзан айргийн тавд хурдаллаа.
Хязаалан насны морьдын түрүүг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уяач, аймгийн алдарт уяач З.Тулгын халтар авч, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн уяач Ж.Эрдэнэбаярын халтар аман хүзүүдэж, айрагт Төв аймгийн Зуунмод сумын уяач С.Батдоржийн зээрд хүрэн, Булган аймгийн Сайхан сумын харьяат, аймгийн алдарт уяач С.Нямжавын сартай халтар, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Монгол Улсын алдарт уяач Н.Золбоогийн зээрд давхилаа.
Шүдлэн насны хүлгүүдээс Булган аймгийн Дашинчилэн сумын харьяат уяач Б.Анхбаярын сартай хүрэн түрүүлж, Дундговь аймгийн Сайнцагаан сумын Монгол Улсын манлай уяач П.Одонбаатарын бор аман хүзүүнд, Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул Монгол Улсын тод манлай уяач Д.Хишигжаргалын сартай хээр, Завхан аймгийн Түдэвтэй сумын уяач Г.Батбаатарын хар, Хэнтий аймгийн Галшар сумын уяач А.Амарбатын сартай хээр айрагдлаа.
Дааганы уралдаанд Ховд аймгийн Мянгад сумын аймгийн алдарт уяач З.Мэндсайханы хонгор магнайлж, Завхан аймгийн Түдэвтэй сумын Монгол Улсын алдарт уяач н.Баярцогтын цавьдар аман хүзүүнд давхиж, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын сумын алдарт уяач Б.Цэрэнтогтохын цоохор, Булган аймгийн Хангал сумын уяач П.Энхтайваны шарга, мөн аймгийн Булган сумын уяач Н.Бямба-Эрдэнийн халтар даага айрагдаж, тод манлай торгон жолоогоо өргүүллээ.
Мөн эрлийз дээд, дунд, доод насны морьдын уралдаан болсон юм.
Энэ жилийн Хангайн бүсийн хурдан морины уралдаан аймаг байгуулагдсаны 80 жилийн ойтой давхцсан төдийгүй Орхон аймагт болсон төвийн бүсийн хурдан морины уралдаантай зэрэгцэж, нэг сумын нутагт давхар уралдсанаараа онцлог байлаа гэж үзэх уяачид байлаа. Тухайлбал энэ жилийн хангай, төвийн бүсийн уралдаан Булган аймгийн Бугат сумын нутаг дэвсгэр дээр хоёр өөр газар нэгэн зэрэг болсон юм.
М.Батжаргал
Холбоотой мэдээ