Тарваган тахал өвчний сэжиг илэрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-07-30 22:09:22
Баянхонгор /МОНЦАМЭ/. Тарваган тахал өвчний сэжиг бүхий тохиолдол гарсан талаарх мэдээлэл Баянхонгор аймгийн Онцгой байдлын газарт өнөөдөр /2018.07.30/ 16:30 минутад бүртгэгджээ.
Тодруулбал, 24 настай, Баянхонгор сумын иргэн Ц өндөр халуурсан, бөөлжилт, суулгалт, хордлогын шинж тэмдэгтэйгээр Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн иржээ. Эмч нарын үзлэг, өвчтний өгсөн мэдээлэл зэрэгт үндэслэн түүнийг тарваган тахал өвчнөөр өвчилсөн байх магадлалтай хэмээн үзэж Халдвартын тасагт хэвтүүлэн эмчилж байгаа юм байна. Мөн нэгдүгээр хавьтлын хүмүүсийг нь тусгаарлаад байгаа аж.
Иргэн Ц амралт, зугаалгаар Баянцагаан суманд очсон байх үедээ тарваганы мах идсэн бөгөөд түүнээс хойш дээрх шинж тэмдгүүд илэрчээ. Албан бус эх сурвалж хэлэхдээ, Тарваганы махыг өвчиж хуулах явцдаа гараа эсгэсэн гэх мэдээллийг өгсөн бол албаны хүн, "Иргэн Ц Баянцагаан суманд хэсэг нөхдийн хамт байхдаа хоёр тарваганы мах чанаж идсэн байна. Тухайн мөчөөс зовиур эхэлсэн бөгөөд өвчтний шинжилгээг Улаанбаатар хот руу ЗӨСҮТ-д нарийн шинжлүүлэхээр явуулж, хариуг хүлээж байна" гэсэн юм.
Дашрамд, Тарваган тахал нь олон улсын дүрмээр зохицуулагддаг, байгалийн голомтот хурц халдварт өвчин юм. Богино хугацаанд олон хүнийг хамран өвчлүүлж, эрт оношилж зөв эмчлээгүй тохиолдолд богино хугацаанд хүндрэн үхэлд хүргэдэг байна. Тарваган тахал нь өвчтэй тарвага агнах, арьс өвчих, мах эвдэх зэрэг үйл ажиллагааны явцад арьс салстын бүтэн байдал алдагдсан үед болон өвчтөнийг асрах, сувилах, халдвартай эд, зүйлстэй хамгаалах өмсгөлгүйгээр харьцсанаас арьсны болон булчирхайн хэлбэрийн тахлаар шууд халдварладаг аж. Мөн дам, агаар дусал, хоол хүнсээр дамжин халдварладаг байна.
Илрэх шинж тэмдэг
-Гэнэт өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, эргэх, дотор муухайрах, бөөлжих, тайван бус болж, нойргүйтэх, арьс салстаар халдвар авсан үед булчирхай томорч хүчтэй эмзэглэнэ. Мөн амьсгалын замаар халдвар авсан тохиолдолд гэнэт өндөр халуурч, цээжээр өвдөх, ханиалгах, цустай цэр гарах, амьсгаадах шинж тэмдэг илрэх бол хоол боловсруулах замаар халдвар авсан үед суулгах, заримдаа цусаар суулгах шинжүүд илэрнэ.

                                                                                                                                   
    Б.Мөнхзул
Холбоотой мэдээ