Ирээдүйд хэт халалтаас үүдэлтэй нас баралтын тоо нэмэгдэх төлөвтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
nyamtulga@montsame.gov.mn
2018-08-01 12:32:10
twitter.com/Nyamkanmk
СИДНЕЙ. /Globaltimes/. Хүмүүс ирээдүйн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож чадахгүй бол 2080 он гэхэд хэт халалтын улмаас нас барах хүмүүсийн тоо хэд дахин нэмэгдэнэ гэж “PLOS Medicine” сэтгүүлд нийтэлсэн судалгаанд бичжээ.

Энэ нь хэт халалтаас үүдэлтэй нас баралтыг урьдчилан таамаглах, түүнээс хэрхэн сэргийлэх тухай анхны судалгаа бөгөөд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, түүний нөлөөллийг бууруулах стратеги боловсруулахад нь улс орнуудын эрх баригч нарт туслах зорилготой ажээ.

Австрали, Европ, Америкийн судлаачид 2031-2080 оны хооронд 20 орны 412 гаруй засаг захиргааны нэгжийн нутаг дэвсгэрт хэт халалтаас үүдэлтэй нас барагсдын тоог урьдчилан тооцоолох загвар гаргасан байна.

Хүлэмжийн хийн ялгарлын түвшин болон судалгаанд хамрагдсан бүс нутгуудын хүн амын нягтрал хэр байх, уур амьсгалын өөрчлөлтөд бэлтгэх болон дасан зохицох стратеги хэрэгжүүлсэн байдал зэргээс хамааралтайгаар  хэт халалтаас үүдэлтэй нас баралтын тоо ирээдүйд нэмэгдэх хандлагатай байгааг судалгаагаар тогтоожээ.

“Сүүлийн үед дэлхийн эргэн тойронд хэт халалт болж, үүнээс үүдэн олон хүн нас барж байна гэсэн мэдээллүүд ихээр гарч байгаа нь үүнийг судлах хэрэгтэй гэсэн хөшүүрэг болж байна. Хэрвээ бид уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах болон үүнд дасан зохицох  арга зам олохгүй бол ирээдүйд хэт халалтаас үүдэлтэй нас баралт өснө” гэж Монаш их сургуулийн Байгаль орчны эпидемиологи болон биостатистикийн дэд профессор Гуо Юуминг хэлэв.

Австралийн Брисбэн, Сидней, Мельбурн хотуудыг судалж үзэхэд, 1971-2010 оны хооронд эдгээр хотуудад хэт халалтын улмаас нас барсан хүмүүсийн тоо ирээдүйд 471 хувиар нэмэгдэх төлөвтэй байна.

Дэлхийн олон улс орон хэт халалтад өртөж, хэдэн мянган хүн нас барж байгаатай холбогдуулан энэхүү судалгааг хийжээ.
 
Д.Нямтулга
Холбоотой мэдээ