Орон сууцны их засварын ажлын гүйцэтгэлд хяналт тавьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-08-03 09:25:42
Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн Засаг даргын энэ оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А|451 дүгээр захирамжийн дагуу Улсын болон Орон нутгийн хөрөнгө оруулалтаар Ховд аймгийн нутаг дэвсгэрт хэрэгжиж буй барилгын их засвар, засварын ажлуудыг хүлээн авах 9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдсан юм.
Тус ажлын хэсэг өчигдөр Жаргалант сумын 80 айлын орон сууцыг хорооллоор нь засварлах ажлын хүрээнд хийгдсэн “80 айлын орон сууцны халаалтын болон хэрэглээний халуун усны шугам засварын ажил”-ын гүйцэтгэл, чанарт Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа барилгын норм, дүрэм, стандарт, технологийн шаардлага, гэрээний дагуу хяналт тавьж, засварын ажлыг ашиглалтад хүлээн авах эсэх талаар хэлэлцэж, санал авав.
Жаргалант сумын 80 айлын орон сууцны халаалт, хэрэглээний халуун усны шугам засварын ажлыг “Хан асар” ХХК нь аймгийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан гэрээний дагуу энэ оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 7 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд Орон нутгийн хөрөнгө оруулалт болох нийт 73 сая төгрөгийн санхүүжилтээр хийж гүйцэтгэсэн байна.
Ажлын хэсгийн шийдвэрээр Жаргалант сумын 80 айлын орон сууцны халаалт, хэрэглээний халуун усны шугам засварын зарим ажил дутуу хийгдсэн байгаа тул ашиглалтад хүлээн авах эсэх талаар 8 дугаар сарын 6-ны өдөр дахин хянаж, хэлэлцэхээр болов.
Тус аймгийн төвийн 80 айлын орон сууц хороолол 1980 оны үед орос мэргэжилтнүүд Ховд аймагт ажиллаж байх үед баригдсан юм.
 
А.Бямбасүрэн
 
 

Холбоотой мэдээ