Үерт автсан, голд суусан дуудлага зонхилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-08-10 10:14:16
Баянхонгор /МОНЦАМЭ/. Улирагч долоо хоногт Баянхонгор аймгийн хэмжээнд бороо хур ихтэй байсан бөгөөд тухайн хугацаанд аймгийн Онцгой байдлын газарт эрэн хайх, аврах ажиллагааны дуудлага 12, үер усны нөхцөл байдал зургаа, нийт 18 удаагийн тохиолдол бүртгэгджээ.
Аймгийн Баянхонгор, Жаргалант, Эрдэнэцогт, Баян-Овоо, Галуут, Гурванбулаг, Өлзийт сумдаас усанд осолдож амь насаа алдсан, үертэй голын гарамд автомашинтай суусан /5 том хүн, 2 хүүхэд/, холбооны шугам кабелийн засвар хийж байсан аймгийн Мэдээлэл, холбоо ТӨК-ний найман ажилтан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож Түйн голын гарамд суусан гурван иргэн, үерийн усанд хоёр гэр автсан гэх дуудлагаар давхардсан тоогоор нийт 47 алба хаагч, 9 нэгж техниктэй эрэн хайх, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулсан байна. Эрэн хайх, аврах ажиллагааны явцад үерт живж амь үрэгдсэн хүний цогцосыг ар гэр, хууль хяналтын байгууллагад шилжүүлж, зургаан тээврийн хэрэгслийг үерийн уснаас татан гаргаж, хоёр гэрийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж, амь нас, иргэдийн 180 орчим сая төгрөгийн эд хөрөнгийг үер усны аюулаас авран хамгаалжээ.
Мөн тухайн хугацаанд мэдээллээр Баянцагаан, Галуут, Гурванбулаг сумдаас 10 малчин өрхийн нэг гэр, 800 гаруй бог мал уруйн үерт урссан, гурван айлын гэр, 15 айлын хашаа урсаж нурсан, зургаан айлын гэр үерийн усанд автсан, хоёр  малчин малтайгаа уруудаж сураггүй болсон, үертэй голын гарамд хоёр автомашин, 14 зорчигчдтой суусан зэрэг сум орон нутагт үүссэн нөхцөл байдлууд дээр тухайн сум орон нутгаас давхардсан тоогоор 10 нэгж техникт, 78 хүний бүрэлдэхүүнтэй нийт зургаан ажлын хэсэг гарч эрэн хайх, аврах ажиллагааг шуурхай авч хэрэгжүүлж ажиллан, аюул ослоос хамгаалсан байна.
                                                                                                                                                  Б.Мөнхзул
Холбоотой мэдээ