Хоёр Солонгосын албаны хүмүүс яриа хэлэлцээ хийнэ

ДЭЛХИЙД | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2018-08-13 09:14:43
twitter.com/Nyamkanmk
СӨҮЛ. /Reuters/. Умард болон Өмнөд Солонгосын албаны хүмүүс өнөөдөр өндөр түвшний яриа хэлэлцээ хийхээр тохиролцсон гэж Өмнөд Солонгосын хэвлэлд мэдээлснээс үзвэл хоёр тал энэ сарын сүүлээр Пхеньян хотод дээд хэмжээний уулзалт хийхээр төлөвлөж байж магадгүй байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун болон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар хоёр улсын хилийн зэргэлдээх тосгонд уулзалт хийж, намар Умард Солонгосын нийслэл Пхеньян хотод дахин дээд хэмжээний уулзалт хийхээр тохиролцсон билээ.

Хоёр улсын дээд хэмжээний уулзалт энэ сарын сүүлээр болох төлөвтэй байна гэж Өмнөд Солонгосын албаны хүн мэдээлснийг “Kookmin Ilbo” сонин мэдээлжээ.

Харин Хөх ордны хэвлэлийн төлөөлөгч Ким Юй Кьём ням гарагт мэдээлэл хийхдээ, "дараагийн дээд хэмжээний уулзалтын тухай шийдвэрийг даваа гарагт болох хэлэлцээний үеэр гаргана. Хэзээ, хаана уулзалт болох, Умард Солонгост айлчлах төлөөлөгчдийг томилох зэрэг асуудлыг энэ үеэр хэлэлцэнэ" гэж мэдэгдсэн байна.

Хоёр Солонгосын тэргүүн нар тавдугаар сард хоёр улсын хил дээр гэнэтийн уулзалт хийсэн нь тэдний хоёр дахь удаагийн уулзалт байсан юм.
 
Д.Нямтулга
Холбоотой мэдээ