АНУ Туркт нэмж хориг арга хэмжээ авах төлөвлөгөөтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2018-08-17 09:53:06
twitter.com/Nyamkanmk
ВАШИНГТОН. /NHK/. Америк номлогчийг хурдан суллахгүй бол Туркт нэмж хориг арга хэмжээ авна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Засаг захиргаа мэдэгдлээ.

Америк номлогчийг баривчилсантай холбогдуулан АНУ Туркээс импортолдог ган, хөнгөн цагаанд өндөр татвар ногдуулах арга хэмжээ авсан билээ. Харин Турк энэ асуудлаар тайлбар хийхдээ, 2016 онд болсон төрийн эргэлт хийх оролдлогод америк номлогч оролцсон гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Өчигдөр болсон Засаг захиргааны хуралдааны эхэнд Д.Трамп үг хэлэхдээ, ямар ч гэм буруугүй залууг Турк баривчилснаараа АНУ-ын нөхөрсөг холбоотой биш гэдгээ харуулсан гэж мэдэгдсэн байна.

Мөн тэрбээр Туркийн асуудлаар явуулж буй бодлогын талаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Стивен Мнучинаас тодруулахад, манай номлогчийг Турк яаралтай суллахгүй бол нэмж хориг арга хэмжээ авах төлөвлөгөөтэй байгаа гэж хариулжээ.

Хоёр улсын хооронд үүсээд байгаа маргааны улмаас Туркийн үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш урьд өмнө байгаагүйгээр унаад байгаа юм.
 
Д.Нямтулга
Холбоотой мэдээ