Сурлага сайтай, орлого багатай өрхийн сурагчдыг англи хэлний тэтгэлгэт хөтөлбөрт хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-08-17 15:06:34
Говь-Алтай /МОНЦАМЭ/ “Алс Хязгаар Алтай” ТББ нь Монгол Улс дахь АНУ-ын Элчин Сайдын Яамтай хамтран Говь-Алтай аймгийн Алтай хотын дунд сургуулийн есдүгээр анги төгссөн, орлого багатай өрхийн  сурлага сайтай, англи хэлний анхан шатны мэдлэгтэй сурагчдыг англи хэлний эрчимжүүлсэн сургалтад тэтгэлгээр суралцуулах хөтөлбөрт хамруулах гэж байна.
 
Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурлага сайтай, сурах өндөр эрмэлзэлтэй сурагчдыг англи хэлний сургалтанд элсүүлэн суралцуулж, манлайлал болон багаар ажиллах чадварыг хөгжүүлэн, АНУ-ын түүх болон АНУ-ын их дээд сургуулиудад суралцах боломжуудыг танилцуулж ирээдүйн өндөр мэдлэг боловсрол, ур чадвартай удирдагчдыг бий болгоход хөтөлбөрийн зорилго оршиж байгаа ажээ.
Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй сурагчид хэд хэдэн шаардлага тавьжээ. Тухайлбал, 12 жилийн сургалттай сургуулийн 10-р ангийн сурагч байх, хөтөлбөрт өргөдөл гаргах үедээ 13 нас хүрсэн байх, сурагч нь гэр хороололд амьдардаг буюу улсын сургуульд сурдаг байх,  сурлага сайтай байх, англи хэлний анхан шатны мэдлэгтэй байх, хөтөлбөрт хоёр жилийн хугацаанд тасралтгүй оролцох боломжтой, орлого багатай өрхийн хүүхэд байх ёстой гэнэ. Бүртгэл энэ сарын 25-ны өдрийн 17 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд есдүгээр сарын 17-ны өдрөөс сургалт эхлэх юм. Сургалтад тус аймгийн ГБХЗХГ /Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар/ дахь BOOKBRIDGE төвийн байранд долоо хоногт 2-3 удаа суралцах юм. Тэтгэлэгт англи хэлний үнэ төлбөргүй сургалт, ном сурах бичиг, унааны зардал багтаж буй ажээ. Хамрагдах хүсэлтэй сурагчид дэлгэрэнгүй мэдээллийг 99488084, 95101441, 98488084 дугаарт холбогдон авах боломжтой юм.
 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ