Монгол-Германы XVI чуулганаар Монголын Ардчиллын амжилт ба сорилтыг хэлэлцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
nandintsetseg@montsame.gov.mn
2018-08-17 16:52:55
NandiaMontsame
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Германы XVI чуулган “Ардчилалд ардчилагчид хэрэгтэй: ХБНГУ ба Монгол Улс дахь төрийн боловсролын ирээдүй” сэдвийн хүрээнд Шангри Ла зочид буудлын хурлын танхимд болж байна.

Монгол дахь ХБНГУ-ын Конрад-Аденауер-Сан 25 жилийнхээ ойн хүрээнд зохион байгуулж буй тус чуулганы нээлтэд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Монгол-Германы чуулганы тэргүүн П.Очирбат, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөл Бүрэн эрхт Элчин сайд Михайль Фернау, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөл Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганбат, ХБНГУ-ын Конрад-Аденауер-Сангийн Европ болон Олон улсын хамтын ажиллагааны төв газрын дарга Герхард Валерс болон тус сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Йоханн Фурманн нар оролцов.

Чуулганаар Монгол Германы XVI чуулганы хүндэт зочид болон бусад илтгэгчид Монголын ардчиллын амжилт ба сорилт, улс төрийн боловсролын өнөөгийн түвшин болон цаашдын хөгжлийн талаар илтгэл хэлэлцүүлэх юм. Зохион байгуулагчид мэргэжилтнүүдийн илтгэлийг олон нийтэд танилцуулж, зочид төлөөлөгчдийн дунд улс төрийн хэлэлцүүлэг өрнүүлэн, чууланаас гарсан онцлол санал, санаачлагыг олон нийтэд болон шийдвэр гаргагчдад хүргэхээр зорьж байгаа аж.

Дашрамд дурдахад Монгол, Германы харилцаа холбоо, хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн уг арга хэмжээг жил бүр Улаанбаатар болон Берлин хотуудад зохион байгуулдаг. Чуулган бүрээр манай хоёр орны улс төр, эдийн засаг, нийгэм олон нийтийн анхаарлыг татсан асуудлаас эхлээд олон улсын аюулгүй байдал, гадаад бодлого, хоёр орны хамтын ажиллагааны ирээдүйн чиг хандлага зэрэг чухал асуудлыг авч хэлэлцдэг уламжлалтай юм.  
Холбоотой мэдээ