Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх хэлэлцээ үргэлжилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-12-09 09:58:57

ПАРИС. /NHK/. Парис хотод болж буй НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх бага хуралд оролцож буй төлөөлөгчид дэлхийн дулаарлыг Цельсийн 1.5 хэмээс хэтрүүлэхгүй хязгаарлах зорилтыг тусгасан шинэ гэрээ байгуулахаар тохиролцсон байна.

Өчигдөр болсон сайд нарын түвшний бага хурлын үеэр өргөн хүрээтэй зөвшилцөлд хүрчээ. 2020 оноос цааших Киотогийн протоколыг шинэчлэх тогтолцооны тухай сайд нар, албаны хүмүүс бүлэг болон хэлэлцжээ.

“Дэлхийн агаарын дундаж температурыг Цельсийн 2 хэмээс дээш нэмэгдүүлэхгүй барих зорилтыг шинэ гэрээнд оруулахаар төлөөлөгчид бараг тохиролцсон. Гэвч арлын болон Африкийн орнуудын шаардаж байгаагаар агаарын хэмийг Цельсийн 1.5 хэмээс дээш нэмэгдүүлэхгүй барих заалтыг гэрээнд тусгаж магадгүй байна” гэж эх сурвалжууд мэдэгдсэн байна.

Гэвч, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтын тухайд аж үйлдвэржсэн орнууд болон хөгжиж буй улс орнууд санал зөрөлдөөнтэй байна.

Уг бага хурлыг даргалж байгаа Франц өнөөдөр сонголт багатай гэрээний төслийг танилцуулах ажээ. Санал зөрөлдөөнийг зохицуулах асуудал олон байна гэж Францын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус өчигдөр мэдэгдэв. Улс орнуудын төлөөлөгчид өдөр, шөнөгүй хэлэлцээгээ хийж, хүсэн хүлээсэн гэрээг байгуулна гэдэгт найдаж байна гэж мөн тэрбээр мэдэгдэв.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ