Азийн спортын наадмын нээлтийн өдөр мэндэлсэн охинд “Азийн наадам” гэдэг нэр өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2018-08-21 10:25:28
ЖАКАРТА. /Киодо/. Индонези улсад болж буй Азийн спортын наадмын нээлтийн өдөр тус наадмыг хамтран зохион байгуулж буй Палембан хотод мэндэлсэн охинд “Азийн наадам” буюу “Asian Games” хэмээх нэр хайрласан гэж тус улсын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд даваа гарагт мэдээлэв.

“Би түүнийг спортын хүссэн төрлөөрөө хичээллэхийг зөвшөөрөх болно. Тэр хэзээ нэгэн цагт маш сайн тамирчин болох ч юм бил үү” гэж охины аав, 38 настай Йордания Денни хэлсэн байна.

Бяцхан охиныг “Abidah Asian Games” хэмээн нэрлэсэн бөгөөд тэрбээр өнгөрсөн бямба гарагт Жакарта хотын Гелора Бун Карно цэнгэлдэх хүрээлэнд болсон Азийн наадмын нээлтийн ёслол эхлэхээс хэдхэн цагийн өмнө төрсөн ажээ. Түүний аавын хэлснээр, охин цагаасаа эрт төрсөн бөгөөд түүнийг есдүгээр сард мэндэлнэ хэмээн тооцоолж байсан ажээ.

Хоёр долоо хоног үргэлжлэх Азийн спортын наадамд 45 улс болон нутаг дэвсгэрийн 10 мянга гаруй тамирчин оролцож, спортын 40 төрлөөр өрсөлдөж байгаа юм.

Э.Хулан
 
Холбоотой мэдээ