Арван асуудлыг мөрийн хөтөлбөрөөс хасах санал тавьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-12-09 10:28:41

Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Арваннэгдүгээр хурлаар Засаг даргын 2013-2016 оны мөрийн хөтөлбөрийг хэлэлцээд, хангалттай гэж дүгнэв.

Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат сүүлийн гурван жилийн хөтөлбөртөө 174 зорилт, 479 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс  86 нь бүрэн хэрэгжиж, 87 нь 90 хувь, 180 нь 70 хувь, 93 нь 50 хувь, 11 нь 30 хувь, 4 нь 10 хувь,12 нь хэрэгжих  хугацаа болоогүй, зургаан арга хэмжээ хөрөнгө мөнгөгүйн улмаас тасарч, 74 хувьтай биелсэн байна. Бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх боломжтой ч хөрөнгө оруулалтгүйн улмаас удааширсан Шүүхийн шинжилгээний албыг чадавхжуулах төсөл, Зуунмодод долоон давхар зочид буудал, битүү зах, Баянцагаан суманд  соёлын төв барьж байгуулах гэх мэт ажлыг 2016 оны үндсэн чиглэлд тусгуулах саналыг тавьжээ.

Арван асуудлыг мөрийн хөтөлбөрөөс хасах санал тавьжээ

Засаг дарга Д.Баярбат мөрийн хөтөлбөртөө тусгасан ч  хэрэгжүүлэх боломжгүй арваад асуудлыг 2013-2016 оны үйл ажиллагааны жагсаалтаас хасах саналыг Иргэдийн төлөөлөгчдийн 11 дүгээр хуралд тавьжээ.

Тухайлбал: Монгол улсын хуулийн “Инновацийн сан” бүрдүүлэх заалт 2015 онд хүчингүй болсон, Зуунмодод цанын бааз, усан бассейн байгуулахаар зураг, эскизийг гаргуулсан боловч хөрөнгө санхүү шийдэгдээгүй, Эрдэнэсант суманд барих арьс ширний үйлдвэрт шаардагдах 9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг холбогдох яамаас хүссэн боловч дэмжээгүй гэх мэт аймаг, орон нутгаас үл шалтгаалах, хийгдэх боломжгүй асуудлыг мөрийн хөтөлбөрөөс хасахыг хүссэн байна.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

 

 

 

 

Холбоотой мэдээ