“Ачит Ихт” ХХК давуу эрхийн хувьцаа гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
ariunzaya@montsame.mn
2018-08-21 16:59:48
Улаанбаатар/МОНЦАМЭ/. “Ачит-Ихт” ХХК  нь өөрийн 100 хувь охин компани болох “Ачит зэс” ХК-иар дамжуулан Монголд анх удаа давуу эрхийн хувьцаа гарган өөрийн болон Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад санал болгон, улмаар эзэмшүүлэх ажлыг энэ сарын 15-наас эхэлжээ.

Энэхүү давуу эрхийн хувьцаа нь энгийн хувьцаанаас өөр нөхцөлтэй бөгөөд хаалттай хүрээнд буюу зөвхөн “Ачит-Ихт” ХХК болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилчдад зориулан гаргасан, улирал тутам ногдол ашиг хуваарилах зэрэг давуу талтай аж. Тус компани давуу эрхийн хувьцаагаа эзэмшүүлэх ажиллагааг үнэт цаасны арилжааны андеррайтер “Бидисек” ХК-иар дамжуулан хэрэгжүүлж  байна.

“Ачит Ихт” ХХК нь 2014 оноос эхлэн “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайгаас гарсан  хөвүүлэн баяжуулах технологид тохирохгүй, балансын бус, бага агуулгатай холимог хүдрийн нөөцийг ашиглан гидрометаллургийн аргаар катодын зэс ялгах үйлдвэрлэлийг явуулж байгаа үндэсний үйлдвэрлэгч компани юм. 

“Ачит-Ихт” ХХК-ийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн нь Лондонгийн метал биржийн стандарт хангасан 99,999 хувийн цэвэршилтэй “А” зэрэглэлийн катодын зэс юм байна. 
Холбоотой мэдээ