Хөрөнгө оруулах боломжит салбарын талаар ОХУ, БНХАУ-ын талд танилцуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
erdenechimeg@montsame.mn
2018-08-21 17:48:44
Улаанбаатар /МОНЦАМЭ/“Хятад, Монгол, Оросын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа–2018” чуулга уулзалт 10 дахь жилдээ 2018 оны наймдугаар сарын 17-19-ний өдрүүдэд БНХАУ-ын Эрээн хотноо боллоо.
 
Хятад, Монгол, Орос улсын модон материал, үр тариа, ургамлын тос, ноос ноолууран бүтээгдэхүүний худалдаа, нийлүүлэлтийн сүлжээ зэрэг асуудалд төвлөрсөн уг чуулга уулзалтад ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан, Худалдаа, нийтийн хоол, үйлчилгээний хэлтсийн дарга О.Онон, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн М.Ариунболд, Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Г.Баярсайхан нар оролцов.  
 
Төлөөлөгчид хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого, зорилт, салбарт хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын төслүүд, Монгол Улсын үр тариа, тосны ургамлын үйлдвэрлэлийн хөгжлийн өнөөгийн байдал, Монгол орны ой модны үйлдвэрлэлийн салбарын боломжийн талаар ОХУ, БНХАУ-ын талд танилцуулж, харилцан мэдээ мэдээллээ солилцон, хамтран ажиллах чиглэлүүдээ тохирлоо.
 
Чуулга уулзалтын үеэр буюу наймдугаар сарын 17-22-ны өдрүүдэд гурван улсын үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаан болж байгаа бөгөөд Монголын талаас 70 орчим аж ахуйн нэгж оролцож байна. 
 
Холбоотой мэдээ