Говь-Алтай аймаг дахь МСҮТ-ийн шинэ хичээлийн жилийн элсэлт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-08-21 18:04:09
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харъяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2018-2019 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэл эхэлжээ.
Хагас зууны түүхтэй уг сургууль нь нэг ба 2,5 жилийн ангиудыг хичээллүүлэн сургалтын үйл ажиллагаагаа явуулдаг юм. Нэг жилийн ангидаа мэргэжил, нас харгалзалгүйгээр элсэлт авч, мэргэжлийн үнэмлэх, зэрэгтэй төгсгөдөг бол Ерөнхий боловсролын сургуулийн есдүгээр ангиа төгссөн сурагчдыг 2,5 жилийн ангид суралцуулан бүрэн дунд боловсрол олгохоос гадна мэргэжил эзэмшүүлж, зэрэг олгодгоороо давуу талтай юм. Мөн 2,5 жилийн ангид суралцагчид дотуур байранд амьдрах боломжтой ба тэдэнд сар бүр хоолны 69450 төгрөгийн тэтгэлэг олгодог байна. Түүнчлэн 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс нийт суралцагчдад сар бүр 70000 төгрөгийн тэтгэлэг олгох гэнэ. 
Энэ хичээлийн жилд нэг жилийн ангидаа барилгын засал-чимэглэл, барилгын сантехникч, үйлдвэрийн машин-тоног төхөөрөмжийн механик, тогооч, үсчин, цахим тоног төхөөрөмжийн үйлчилгээний ажилтан, авто машины засварчин, мэргэшсэн жолооч, худалдааны газрын үндсэн ажилтан /худалдагч/, хүнд машин механикмын оператор  мэргэжлүүдээр элсэлт авч байгаа гэнэ. Харин 2,5 жилийн ангидаа барилгын засал-чимэглэл, барилгын өрөг угсрагч, барилгын цахилгаанчин, барилгын сантехникч, оёмол бүтээгдэхүүний оёдолчин, талх-нарийн боов үйлдвэрлэлтийн технологийн ажилтан, модон эдлэлийн мужаан, гоо засалч, цахим тоног төхөөрөмжийн үйлчилгээний ажилтан, авто машины засварчин, фермерийн аж ахуй эрхлэгч, захиалгийн гуталчин, гагнуурчин мэргэжлүүдээр элсэлтээ авч эхэлжээ. 
 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ