Сангийн далай нууранд үхсэн 3200 гаруй шувууны сэг зэмийг устгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-08-21 20:12:42
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Сангийн далай нууранд олон тооны шувуу үхсэн тухай дуудлага наймдугаар сарын 15-ны өдөр тус аймгийн Онцгой байдлын газарт ирсний дагуу аймгийн Засаг даргын захирамжаар Мэргэжлийн хяналтын газар, ЗӨСТ, Хөдөө аж ахуйн газар, Онцгой байдлын газрын алба хаагчдаас бүрдсэн ажлын хэсэг байгуулагдан 17-ны өдрөөс эхлэн газар дээр нь очиж ажиллажээ.  Ажлын хэсгийнхэн Ангир, Цахлай, Нугас, Бор галуу, Болжмор зэрэг нийт 3216 шувууны сэг зэмийг хоёр ээлжээр цуглуулан өнөөдөр сүүлийн устгалаа хийсэн байна.
 
Устгалын ажлын зардлыг орон нутгийн Онцгой комиссын сангаас шийдвэрлэн одоогоор 3,2 сая орчим төгрөг зарцуулсан урьдчилсан дүн гаргажээ. Үхсэн шувуудын 63 хув нь ангир, 11,4 хувь нь цахлай, 19,3 хувь нь нугас, 6 хувь нь бор галуу, 0,2 хувь нь болжмор байна хэмээн Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын Улсын байцаагч Г.Билэгсайхан мэдээлэв.
Үхсэн шувууны сэг зэмээс авсан дээжийг Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторид шинжлүүлэхэд Олон улсын хориотой аюултай өвчин биш гэдэг нь тогтоогджээ. Харин юунаас болж олон тооны шувуу үхсэнийг одоогоор тогтоогоогүй бөгөөд нуурын ус, хоол тэжээлтэй холбоотой байж магадгүй гэв.

Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ