“Элсний фестиваль-2018” наадамд 1200 гаруй харваач оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-08-22 11:45:51
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймагт хэрэгжиж буй “Алтайн мянган харваач” зорилтот хөтөлбөрийн хүрээнд Монголын Үндэсний сурын холбоо, Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Үндэсний сурын холбоо хамтран энэ сарын 18, 19-ний өдрүүдэд “Элсний фестиваль-2018”, “Алтайн мянган харваач” ёслолын арга хэмжээ зохион байгууллаа.
Ёслолын арга хэмжээний нээлтэд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хороон дарга Ш.Раднаасэд, Говь-Алтай аймгийн иргэдний Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Ганзориг, Засаг дарга С.Гансэлэм, Монголын Үндэсний сурын холбооны тэргүүн Б.Хүрэлбаатар албаны бусад хүмүүсийн хамт оролцож, хуран цугласан наадамчин олонд баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тус арга хэмжээнд тус аймгийн 18 сум, 2 тосгоноос нийт 1217 харваачид өргөн бүрэлдэхүүнээрээ оролцож, цэц мэргэнээ уралдуулав.
“Элсний фестиваль-2018” наадмын эхний өдөр зохиогдсон Зэвт харваанд тус 18 сумын 846 харваач цэц мэргэнээ сорьсоноос тэргүүн байрт 432 оноогоор Халиун сумын, дэд байрт 371 оноогоор Баян-Уул сумын, гутгаар барт 342 оноогоор Есөнбулаг сумын 1-р багийн харваачид, удаах байруудад 324 оноогоор Эрдэнэ сумын, 270 оноогоор Шарга сумын харваачид шалгарч, мөнгөн шагнал, дурсгалын зүйлээр шагнууллаа.
Энэ удаагийн “Элсний фестиваль” наадмыг сурын спортыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилго дор зохион байгуулжээ.
 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ