Тайванийн Эксим банк: 20 сая ам.долларын санхүүжилтийн зээлийн мэдээллийг хүргэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-08-22 16:06:35
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Энэ оны эхний зургаан сарын байдлаар Тайваниас Монгол руу экспортлосон бараа бүтээгдэхүүний нийт хэмжээ 7 сая 325 483 ам.доллар болсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 2 сая 136 991 ам.доллараар буюу 2.5 дахин өссөн үзүүлэлт гарчээ.

Энэ тухай Тайпэйн Худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газраас  Голомт, Хаан, Хас, Төрийн банк, Худалдаа, хөгжлийн банк, банк, Хөгжлийн банкны төлөөллийг урьж, уулзалт зохион байгуулах үеэр мэдэгдлээ. Уулзалтаар Тайвань Монголын хооронд хийж буй гадаад худалдааны хамгийн сүүлийн үеийн болон Эксим банкнаас олгож буй санхүүжилтийн зээлийн талаарх мэдээллийг өгсөн юм.

Тайпэйн Худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дэд төлөөлөгч Жой Янь хэлэхдээ, “Монгол Тайванийн худалдаа эдийн засаг жилээс жилд өргөжин тэлж байна. Тайваниас Монголчууд гол төлөв электрон бараа, техник тоног төхөөрөмж импортлосон дүн мэдээ байна. Цаашид зээлийн шугамын гэрээ бүхий арилжааны банкууд тус зээлийн эх үүсвэрийн ашиглалтыг эрчимжүүлэх, Тайванийн Эксим банкнаас олгож буй 20 сая ам.долларын санхүүжилтийн зээлийг олон нийтэд таниулан сурталчилахад та бүхнийг хамтарна гэдэгт итгэлтэй байна. Мөн МҮХАҮТ-аас ирэх сарын 6-9-ны хооронд зохион байгуулах “Улаанбаатар Түншлэл-2018” намрын олон улсын үзэсгэлэнгийн үеэр Тайваниас 10 гаруй аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид хүрэлцэн ирж оролцоно. Энэ үеэр моннолын компаниудтай хамтран ажиллах боломж нээгдэнэ. Монгол Улсын дотоодын эдийн засаг сэргэж, эдийн засгийн эерэг өсөлт гарч буй тул хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх үүднээс манай төлөөлөгчийн газраас  өөрийн цахим хуудаснаа “Эдийн засаг, бизнес” болон “Тайванийн Эксим банкны сахүүжилтийн зээл” зэрэг монгол хэл дээрхи цахим булангуудыг нэмж байршуулан, Монгол Улсын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд санхүүжилттэй холбоотой цогц мэдээллийн үйлчилгээ үзүүлэхээр зорьж байна. Энэхүү цогц мэдээллийн хүрээнд Тайванийн Эксим банкны санхүүжилтийн зээлийн шугамын гэрээ бүхий арилжааны 6 банктай холбоо барих мэдээллээс гадна барьцаа хөрөнгө дутмаг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд зориулан Зээлийн батлан даалтын сангийн тухай мэдээллийг багтаасан” гэв.
Холбоотой мэдээ