“Баруун бүсийн чуулга харваа”-нд улс, аймгийн цолтой 200-аад мэргэн харваач оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-08-22 18:21:13
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат Монгол Улсын мэргэн Б.Дашзэвэгт хүндэтгэл үзүүлэх “Баруун бүсийн чуулга харваа”-нд Баянхонгор, Баян-Өлгий, Завхан, Төв, Дорнод, Ховд, Говь-Алтай, Улаанбаатар хотоос Монгол Улсын дархан мэргэн Х.Оюунчимэг, даян мэргэн Б.Ёндон, Монгол улсын мэргэн Х.Болдбаатар, н.Бутваа нарын улс, аймгийн цолтой нийт 182 мэргэн харваач оролцож цэц мэргэнээ сорилоо. 
Чуулга харваа энэ сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн Жаргалан сумын нутагт орших дуунд мөнхөрсөн “Эрээн нуур”-ын хөвөөнд “Элсний фестиваль-2018” наадмын үеэр болсон юм.
Харваанд оролцсон эрэгтэй цуваа харвааны нэгдүгээр байрт Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын харьяат, “Мондэ” багийн харваач Монгол Улсын мэргэн Х.Болдбаатар, хоёрдугаар байрт Баян-Өлгий аймгийн харьяат Зэвсэгт хүчний Алдар спорт хорооны харваач Монгол Улсын гоц мэргэн харваач Н.Алтансүх, гуравдугаар байрт Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат “Засагт Хан” клубын харваач Аймгийн мэргэн, спортын мастер Б.Билэгдэмбэрэл, дөрөвдүгээр байрт Ховд аймгийн харьяат Аймгийн мэргэн, спортын мастер Ш.Баянмөнх, тавдугаар байрт Баянхонгор аймгийн Баянлиг сумын уугуул спортын дэд мастер Б.Баянмөнх эзлэн спортын мастер цолны болзол хангалаа.
Харин эмэгтэй цуваа харвааны нэгдүгээр байрт Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат Хан-Уул дүүрэг “Петровис” багийн харваач Монгол Улсын мэргэн Б.Бутваан, хоёрдугаар байрт Дундговь аймгийн харьяат спортын мастер Ө.Хатанболор,  гуравдугаар байрт Баянхонгор аймгийн харьяат Багануур дүүрэг уурхайчин багийн харваач аймгийн мэргэн спортын мастер Л.Ганчимэг, дөрөвдүгээр байрт Архангай аймгийн харьяат “Есүнхэй” мэргэн клубын харваач аймгийн мэргэн, спортын мастер Х.Даваацэцэг, тавдугаар байрт Хөвсгөл аймгийн харьяат Сүхбаатар дүүрэг “Алтандуулга” багийн харваач аймгийн мэргэн, спортын мастер Ж.Нямдаваа нар шалгарсан юм. 
 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ