Ц.Цогзолмаа: Багш нарын тавьсан шаардлагын дагуу цалин нэмсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
192@montsame.mn
2018-08-27 12:54:42
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ хичээлийн шинэ жилд “Сурагч бүрийн сурлагын чанарт ахиц гаргах” зорилт тавьж буйг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өнөөдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр онцлов.
Тэрээр, 2018-2019 оны хичээлийн жил нь хүүхдийн амьдарч сурах орчинг бүх талаар бүрдүүлсэн хүүхдийн төлөвшил хүмүүжил, иргэншүүлэх суурь үндэс-хөгжлийн төв байх Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх жил болгож буйг  онцлоод, хичээлийн жилийн бэлтгэл ажлуудын талаар танилцуулав.
“Бид хичээлийн шинэ жилийн өмнө яам, дүүргийн удирдлага, ажилтнуудыг сургууль, цэцэрлэгийн байрын засвар тохижилт, аюулгүй, эрүүл ахуйн орчин бүрдсэн  эсэх дээр хяналт тавьж шалгалт хийн тодорхой хугацааны үүрэг даалгавар өгч эргээд хянаж ажилласан. Багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг эхийн төлөөллийг оролцуулсан Улсын зөвлөлгөөнийг хоёр удаа хийж боловсролын чанарын асуудлаар ярилцлага өрнүүлсэн. Засгийн газраас багш нарын цалинг 8, бага ангийн багш, хөгжлийн брэхшээлтэй сургуулийн багш нарын цалинг 8-15 хувиар нэмж, цаашид 2019-2020 онд шат дараалан бүрэн нэмэх шийдвэр гаргаад байна. Цалин  нэмэх багш нарын шаардлагыг эхний ээлжинд биелүүлсэн. Энэ жил нийт 1435 цэцэрлэг, 814 сургууль үйл ажиллагаа явуулахаас төрийн өмчийн цэцэрлэг 25-аар, хувийн цэцэрлэг 8-аар, сургуулийн тоо 16-гаар нэмэгдсэн. Гэвч сургууль, цэцэрлэгийн хүүхдийн тоо өссөөр байна. Жишээ нь, өнгөрсөн жилтэй харьцуулахад ЕБС-д суралцах хүүхдийн тоо  энэ жил 2.4 мянгаар, нэгдүгээр ангид орох хүүхдийн тоо 8.2 мянгаар нэмэгдэж байна. Багшийн хөгжлийг дэмжих тухай болон Ерөнхий боловсролын салбарт хэд хэдэн дүрэм, журам мөрдөж эхэлж байгаагаас сурагчдын мэдлэг, чадвар, хандлагыг үнэлэх журмыг шинэчилж тухайн хүүхдийн ахиц, өөрчлөлтийг харгалзан 8 түвшнээр үнэлэх системд шилжиж байна. Энэ жилээс ЕБС-иудад Эрүүл мэндийн хичээл, аюулгүй амьдрах арга ухааны чиглэлээр сургалтын агуулга шинээр орж эхлэх юм" хэмээн онцлов.  

МУИС-аас эхлээд төрийн өмчийн их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмж буйд хяналт тавьж байна уу? гэсэн асуултад салбарын сайд, “МУИС-ийн төлбөрийн асуудлыг сайд шууд шийдэхгүй, тухайн сургуулийн ТУЗ шийдвэр гаргадаг, яамны зүгээс зөвхөн зөвлөмж өгдөг. Бид сурлагын чанарт анхаарахыг зөвлөсөн. Оюутнуудтай ёс зүйгүй харьцсан багшид хариуцлага тооцох үүрэг өгсний дагуу арга хэмжээ авч байгаагаа сая надад мэдэгдлээ” гэв.

Тодруулга: Энэ бямба гаригт нээлтээ хийх хичээлийн шинэ жилд 76.4 мянган хүүхэд сургуульд анхлан орохоос нийслэлд 35.4 мянга, хөдөө орон нутагт 41 мянга хүүхэд элсэн орно. Харин 10 дугаар  ангид 39.4 мянган хүүхэд дэвшин суралцахаас 9 дүгээр анги төгсөгчдийн 87.7 хувь үргэлжлүүлэн суралцаж байгаа аж. 2018-2019 оны хичээлийн шинэ жилд улсын хэмжээнд нийт 30 мянган багш ажиллахаас 27.3 мянга нь төрийн өмчийн сургуулиудад, 2.7 мянга нь хувийн өмчийн сургуульд багшилна. Мэргэжлийн багшийн хангалт улсын хэмжээнд 95.7 хувьтай байгааг БСШУСЯ-наас мэдээллээ.
Б.Болд

Холбоотой мэдээ