Малчдын тэтгэвэртэй холбоотой хуулийг яаралтай батлахыг шаардав

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2015-12-09 14:51:40

Малчдын тэтгэврийн насыг таван жилээр багасгах, нийгмийн даатгалын шимтгэлийг улирлаар төлөх талаар УИХ дахь МАН-ын бүлгийн “Морин цаг”-ийн мэдээллээр онцлов. 

Монгол Улсын хэмжээнд 2014 оны байдлаар 242.5 мянган хүн тэтгэвэр авч, улсын төсвөөс 644.5 тэрбум төгрөг зарцуулжээ. Бүрэн тэтгэврийн доод хэмжээ 230 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 197 мянган төгрөг байдаг. Эдийн засаг уналт, инфляцийн өсөлт зэргээр нийгэм хямралд ороод байгаа ч сүүлийн 3 жил дээрх тэтгэврийн хэмжээг нэг ч төгрөгөөр нэмээгүй гэж Д.Оюунхорол гишүүн хэлж байв. 
Үүнээс гадна ганц бие ахмадуудын тэтгэврийн орлогыг нэмэгдүүлэх талаар төр ямар ч арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй байгааг шүүмжлэн, тэтгэврийг инфляцитай уялдуулан нэмэхийг МАН-ын бүлгээс шаардаж байгааг онцлов. 
Мал аж ахуйн салбарт ажиллаж байгаа малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулж, эмэгтэй нь 50, эрэгтэй нь 55 настай тэтгэвэр тогтоолгох боломж бүрдүүлэх зорилгоор УИХ дахь МАН-ын бүлэг 2014 оны 4 дүгээр сард гурван хуулийн төсөл өргөн барьсан. Малчид жилийн дөрвөн улиралд гадаа ажилладаг ч тэр бүр нийгмийн даатгалд хамарч чаддаггүй, нийгмийн баталгаа хангагддаггүй. Нийт малчдын 10.8 хувь нь л нийгмийн даатгалын шимтгэл төлж, тэтгэвэр тогтоолгох боломж бүрдсэн байгаа аж. Тиймээс малчдыг хөдөлмөр эрхэлж буйд тооцон, ажилласан жилийг нь 1.6 жилээр тооцох хуулийн төсөл өргөн барьсан юм. Нөгөө талаар малчид сар бүр нийгмийн даатгалын шимтгэлээ төлөх боломжгүй, тогтмол орлогын эх үүсвэргүй учир шимтгэлээ улирлаар төлөх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ. Мөн 1990-2015 оны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх талаар зохицуулж байгаа аж. 
Д.Оюунхорол мөн “Мал аж ахуйн салбарыг дэмжих, нийгмийн баталгааг нь энэ мэтчилэн хангахгүй бол мал маллах хүнгүй болж, энэ салбар уналтад орох аюултай. Хэрэв тэгвэл эдийн засгийн маш том гарз хохирол болно. Гэвч эдгээр хууль өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна. АН-ын бүлэг зарим хуулийг хэлэлцүүлэхгүй дарж байгаад өөрсдөө ганц нэгхэн үг үсэг өөрчлөөд дахин өргөн барьж байгаа нь зүй зохисгүй хэрэг. Тиймээс МАН-ын өргөн барьсан малчдад зориулсан энэ хуулиудыг нэн яаралтай хэлэлцэж, баталж өгөөч гэж нийт гишүүдийг уриалж байна” гэсэн юм. 

Н.Гантуяа

Гэрэл зургийг Т.Чимгээ

 

Холбоотой мэдээ