Хөгжлийн бэрхшээлтэй болон дугуйтай иргэдийг саадгүй зорчих боломжийг бүрдүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-08-31 00:58:41
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй дөрвөн мянга гаруй иргэн байдгаас 60 гаруй тэргэнцэртэй иргэн, 480 гаруй харааны бэрхшээлтэй иргэн Дархан суманд амьдарч байна. Эдгээр иргэдийн хувьд замын хөдөлгөөнд оролцох, нийгмийн харилцаанд ороход тулгамддаг асуудлууд цөөнгүй бий. Тэгвэл төв зам дагуух аж ахуй нэгж байгууллагуудаар авто зам, явган хүний замын огтлолцолд дугуйтай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг саадгүй зорчих, тэдний аюулгүй байдлыг хангах тэмдэг, тэмдэглэгээг сайжруулах, сэргээн засварлуулах ажлыг зохион байгуулж байна.

Үүний үр дүнд өнөөдрийн байдлаар Дархан сумын наймдугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Сод монгол”, “Петро Жамп”, “Шунхлай” ШТС-ууд, “Магноли” дэлгүүр, “MBM” зочид буудал, “Анд” авто сервис, дөрөвдүгээр багийн “Голд” клаб зэрэг аж ахуй нэгжүүд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд байгууллагынхаа гаднах замын огтлолцлын нэвтрэх хэсгийг зориулалтаар нь засварлажээ.

Сарын турш үргэлжилж буй тус аяныг Дархан сумын ЗДТГ, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Тэргэнцэртэй иргэдийн холбоо зэрэг байгуулагууд хамтран зохион байгуулж байна.

Тус ажлыг хийх зардлыг тухайн байгууллагууд өөрсдийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж байгаа аж. Цаашид томоохон худалдаа үйлчилгээний төвүүд, бусад байгууллагуудад шаардлагыг дахин хүргүүлэх юм.

Нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэх тус ажлыг эрчимжүүлэх, тэргэнцэртэй иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдний чөлөөтэй зорчих боломжийг нээх тал дээр  дээрх байгууллагууд анхаарлаа хандуулан ажиллана гэлээ.
 
Л.Отгонбаатар

Холбоотой мэдээ