Багш нар өнөөдрөөс эхлэн ажил хаялт зарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dogsom@montsame.mn
2018-09-03 17:08:26
Улаанбаатар /МОНЦАМЭ/.МҮЭ болон эвлэлдэн нэгдсэн 14 холбоо, нутаг дэвсгэрийн 22 холбоо, 3000 гаруй Үйлдвэрчний эвлэлийн төлөөллийн хамтаар ажил хаялтыг албан ёсоор Улс орон даяар Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу өнөөдрөөс эхлүүлснээ зарлалаа. Энэхүү  ажил хаялт нь маргаашнаас өргөжиж хүрээгээ тэлэх талаар Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны тэргүүн Х.Амгаланбаатар мэдэгдлээ.
Тэрбээр хэлэхдээ “МҮЭХ-ноос  Төрийн албан хаагчдын  цалин хөлсийг нэмэх   асуудлыг сүүлийн 4 жилийн турш тасралтгүй ярьж ирсэн. Жил бүр төрийн албан хаагчдын цалинг тодорхой хувиар нэмэх хатуу хэлэлцээрийг Засгийн газартай хийж ирсэн. Гэвч эдийн засгийн байдал хүнд, ОУВС-тай тохирсон хатуу нөхцөл нь хүндрэл учруулж байна гэсэн шалтгаанаар цалин хөлсийг нэмэхгүй байсаар өдийг хүрлээ. Засгийн газар 2018 оны 8 дугаар сарын 22-ны гурван талт хэлэлцээрийг зөрчиж, хүч түрэн салбаруудын цалинг ялгаатай нэмэх  болсон.
 Тухайлбал, Төрийн албан хаагчид болон эрүүл мэндийн салбарынхны цалин хөлсийг   8-30 хүртэлх хувиар, Соёл урлагийн салбарын цалинг 8-27 хувиар нэмэгдүүлж, БСШУ-ны салбарынхныг  8-12,3 хувиар нэмэх шийдвэр  гаргасан. Инфляцын түвшин 40 гаруй хувиар нэмэгдээд байхад 8-12,3 хувиар цалин хөлсийг нэмэх шийдвэрийг бидний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй. 4 жилийн хугацаанд үүргээ биелүүлээгүй Засгийн газрыг асуудлыг шийдвэрлэхийг хүсч байна.
 Бидний зүгээс  нэг минут ч алдалгүй зөвшилцөлд хүрэхэд бэлэн байна” хэмээн мэдэгдэв.
МҮЭ-ийн зүгээс ажил хаялтыг албан ёсоор зохион байгуулж байгаа бөгөөд хуулийн дагуу ажил хаялт зарлаж буйгаа  эцэг, эхчүүдэд мэдэгдэх үүрэгтэй. Гэвч ямар нэгэн зохион байгуулалттай үйл ажиллагааны улмаас зарим сургууль  ажил хаялтын талаар мэдэгдэлгүй, зориудаар МҮЭ, багш, эцэг эхчүүдийн дунд үл ойлголцол үүсээд байгаа аж. Өнгөрөгч сарын 31-нд Нийслэлийн хэмжээнд ЕБС-ийн  114 сургуулийн 86 нь, 192 цэцэрлэгийн  89, ШУА-ын 12 хүрээлэн  ажил хаяхаа албан ёсоор мэдэгджээ. Одоогийн байдлаар ажил хаялтыг дэмжин оролцох орон нутгийн сургуулиудын тоог боловсруулж амжаагүй байгаа аж.
Б.Янжиндулам
Холбоотой мэдээ