Баруун-Уртад Цагдаа хотхон ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-12-09 20:17:23

Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод Цагдаа хотхон ашиглалтад орлоо. Тус аймгийн Цагдаагийн газар нь 104 албан хаагчтай бөгөөд тэдний 20 хувь нь эндхийн орон сууцанд оржээ.

Ингэхдээ залуу, дунд, ахмад гээд гурван үеийн ажилчдаа хамруулахыг зорьсон байна. Зах зээлийн үнээс харьцангуй хямд үнээр ийм тохилог, дулаан орон байртай болсондоо баяртай байна гэдгээ үе үеийн албан хаагчид нээлтийн үеэр илэрхийлж байлаа.

Нийт албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд тус газрын дарга, цагдаагийн хурандаа Ж. Батбаатарын санаачлагаар энэхүү хотхон нь анх байгуулагдсан юм. Улаанбаатар хотын "Энх багана" компани гүйцэтгэгчээр ажиллаж 5 сарын хугацаанд барилгыг бүрэн барьж ийнхүү ашиглалтанд орууллаа. Ирэх жилээс хотхоныг хашаажуулах, хүүхдийн тоглоомын талбай байгуулах гээд гаднах талбайн тохижилтыг хийнэ.

Уг 20 айлын орон сууц нь 2 ширхэг 2 өрөө, бусад нь бүгд 3 өрөөтэй, 1метр кв нь 800 мянган төгрөгийн үнэтэй.

Ийнхүү “Цагдаа хотхон” ашиглалтанд орсоноор Баруун-Урт хотын нийт иргэдийн 33 хувь нь орон сууцанд амьдрах боллоо.

Сүхбаатар аймаг Т. Одончимэг

Холбоотой мэдээ