Тариаланчдад хандан зөвлөмж гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-09-10 14:50:54
Улаанбаатар/МОНЦАМЭ/.ХХААХҮЯ-наас тарианы болц, хүн хүч, техникийн хангамж, намрын цаг агаарын төлөв байдлыг харгалзан ургацыг технологийн дагуу богино хугацаанд хураан авахад нь зориулж, газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, тариаланчдад хандан  зөвлөмж гаргажээ.

Зөвлөмжид, Үр тариа, буудайг бүрэн болцоос хойш 7-10 хоногийн дотор хураах, хаягдал аль болох бага байлгахын тулд нэг талбайг 4-7 хоног, аж ахуйн нэгжийн хэмжээнд 10-15 хоногт ургац хураалтыг дуусгах, оройтож боловсорсон ногоон тариад захалгаа хийх, зурваслан хадаж салхилуулах, шаардлагатай үед ангилан хадах бэлтгэлийг хангах, хураалтын техникүүдийг сүрэл цацагч төхөөрөмжөөр тоноглох, сүрлийг талбайд бүрэн цацахыг тусгажээ.

Мөн намрын цаг уурын төлөв байдалтай хураах арга, хугацааг уялдуулж зөв төлөвлөх, хураах техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, техникийн хангамжийг бүрдүүлэх, тарианы болц, өндөр, нам, өтгөн, шингэнийг харгалзан талбай нэг бүрт хураах техникийн хадах ба цайруулах ангийн тохируулгыг зөв хийх, үтрэм, элеватор, зоориндоо ариутгал хийх, тариалангийн талбайг хашаажуулах, хамгаалах зэрэг ажил, арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэдгийг нийт газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, тариаланчдад зөвлөж байна.
 Б.Заяа
Холбоотой мэдээ