Нобелийн шагнал гардуулах ёслол өнөөдөр болно

Дэлхийд
jargal@montsame.mn
2015-12-10 11:04:00

СТОКГОЛЬМ. /TASS/. Нобелийн шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болон уг нэр хүнд бүхий шагналын эзэд, зочдод зориулсан баярын хүлээн авалт Швед, Норвегийн нийслэл хотод  Альфред Нобелийн таалал төгссөн өдөр буюу 12 дугаар сарын 10-нд болно.

Нобелийн шагналын эзнээр тодорсон 11 шагналтны 10 нь хүндэт диплом болон алтан медалиа Шведийн хаан Карл ХVI Густаваас Стокгольмын Филармонид гардан авна.

Харин Нобелийн Энх тайвны шагналыг Альфред Нобелийн гэрээслэл ёсоор Шведийн нийслэлд бус Норвегийн нийслэл хотод гардуулна.

Энэ жилийн ёслолд Норвегийн Ерөнхий сайд, сайд нарын танхимын гишүүд, нэртэй улс төрчид, мөн тус улсын хаан V Харальд нар урьдын адил оролцоно.

1901 оноос хойш нийтдээ 573 удаа Нобелийн шагналыг олгосон бөгөөд уг шагналыг 870 хүн, 23 байгууллага хүртжээ.

Шагналын хувьд 2011 онд 10 сая крон /1.5 сая/ дагалддаг байсан бол гурван жилийн өмнөөс “эдийн засгийн таагүй нөхцөл байдалтай холбоотойгоор” 8 сая крон болгон бууруулсан. Харин энэ жил Швед кроны ханш сул байгаатай холбоотойгоор шагналын хэмжээ 2001 оноос хойш анх удаа 1 саяас бага буюу 950 мянган доллар байх аж.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ