Трампыг Ираны Ерөнхийлөгч шүүмжлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-12-10 14:02:34

ТЕГЕРАН. /IRNA/. Терроризмтой тэмцэж буй нэрийдлээр лалын шашинтнуудыг эсэргүүцсэн мэдэгдэл хийлээ гэж АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд өрсөлдөгч Дональд Трампыг Ираны Ерөнхийлөгч Хассан Рухани шүүмжлэв.

Лалын шашинтнуудаас болгоомжлуулсан илтгэлийг Трамп тавьсны дараа Ерөнхийлөгч Рухани ингэж хэлжээ. “Харамсалтай нь, терроризмыг үүсгэн байгуулж, дэмжсэн хувь хүмүүсийн нэг мөртлөө, лалын шашинтнууд улсад нь нэвтрэх хэрэггүй гэсэн үгийг терроризмтой тэмцэж буй нэрийдлээр зарим хүн хэлж байна” гэж Засгийн газрын хурлын үеэр Рухани хэлсэн байна.

Террористуудын үйлдсэн гэмт хэрэгт тэдэнд тусалсан хүмүүс хариуцлага хүлээх хэрэгтэй гэж тэрбээр хэлснийг “Рress tv” уламжиллаа.

Кампанит ажлынхаа хүрээнд, лалын шашинтнууд болон Европын бус цагаачдын тухай арьсны өнгөөр ялгаварлах үзэл шингэсэн үгийг АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд Бүгд найрамдах намаас өрсөлдөгчдийг тэргүүлэгч Дональд Трамп сүүлийн үед хэлсэн бөгөөд лалын шашинтнуудыг АНУ-д оруулахыг хориглохыг уриалсан юм.
Лалын шашинтнуудыг АНУ-д ирэхийг хориглохыг санал болгосон нь Трампыг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд тэнцэхгүй болгож байна гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жош Эрнест мэдэгдсэн юм.

Х.Аминаа

 

Related news