Парист халдах төлөвлөгөөг Сирид боловсруулсан гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-12-10 14:33:42

ВАШИНГТОН. /Sputnik/. Өнгөрсөн сард Парист 130 хүний амийг авч одсон зохион байгуулалттай халдлагыг Сирид төлөвлөсөн гэж АНУ-ын Холбооны тагнан мөрдөх товчооны дарга Жэймс Коми хэлсэн байна.

Парисын халдлагыг Сириэс зохион байгуулсан эсэхийг АНУ-ын сенатч Линдси Грахам асуухад “Тийм” гэж Коми хариулжээ.

Арваннэгдүгээр сарын 13-нд Парис хотын зургаан өөр газарт террористууд халдаж, 130 хүний аминд хүрч, 350 хүн шархдуулсан юм. Халдлагын хариуцлагыг “Лалын улс” террорист бүлэглэл хүлээсэн.

Францын Страсбург хотын Мейнау дүүргийн оршин суугч, 23 настай Фуед Мохамед Аггад уг халдлагыг үйлдсэн этгээдүүдийн нэг гэдгийг мөрдөн байцаагчид тодорхойлсон гэж Францын хэвлэлд мэдээлсэн билээ. Өөрийн ах Карим болон Мейнау дүүргийн 8 оршин суугчийн хамт 2013 оны сүүлээр тэрбээр Сири лүү аялсан байна.

Шүүх эмнэлгийн багийн таньсан гурав дахь гэмт этгээд нь Аггад байна. Йеменд тулалдаж байсан Сами Амимур болон Сирид 2013 онд тулалдсан Омар Исмаил Мостефай нарыг шүүх эмнэлгийн баг таньсан байжээ. Сами, Омар нар Парисын оршин суугчид байв.

Х.Аминаа

 

Related news