Улс төрчдийн талаар иргэдээс санал асуулга авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-15 19:51:33

Баян-Өлгий аймгийн залуучуудын байгууллага улс төрчдийн талаар иргэдээс санал асуулга авч эхэлсэн тухай мэдээллээ.

Энэхүү арга хэмжээ нь Монголын залуучуудын эвлэлийн V их хурлаас дэвшүүлсэн зорилтын дагуу «Хулгайчгүй Монгол» хөдөлгөөнийг өрнүүлэх хүрээнд явагдаж эхэлсэн тухай тус эвлэлийн аймгийн хорооны дарга Ж.Харшыгаа мэдээллээ. Энэ нь ирэх сонгуульд хахууль авах, танил тал харах, улс олон нийтийн мөнгө хөрөнгөнөөс ашиглаж завших зэрэг элдэв муу муухай зүйлд өртөөгүй «гар цэвэр» улс төрчийн нэрийг дэвшүүлэх зорилготой юм байна. Өөрөөр хэлбэл хэний нэрийг дэвшүүлэх, хэний нэрийг дэвшүүлэхээс татгалзах талаар олон түмнээс санал авч, цаашид энэ талаар сурталчилгаа хийх төлөвтэй байна. Энэ санаачлагыг шинэ санаа хэмээн иргэдийн зарим нь дэмжээд байгаа боловч зарим нь аль нэг нам буюу хүмүүст татагдсан үнэлгээ гаргаж ирэх юм уу зарим хүмүүсийн нэр төрд нь халдсан хэрэг гаргаж болзошгүй хэмээн болгоомжилж байна. Бас зарим нь гар цэвэр ариун шударга, дандаа буян үйлдсэн улс төрч байна гэдэгт эргэлздэг байна.

Ш.Айзаря

 

Related news