БАЯН-ӨЛГИЙ: Агаарын чанарыг хянах автомат станц суурилууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos@montsame.gov.mn
2025-06-23 17:46:33

Өлгий, 2025 оны зургаадугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг агаарын бохирдлыг бууруулах, орчны мэдээллийг бодит цаг хугацаанд хянах дэвшилтэт технологийг нутагшуулж, 6 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд тус аймагт мэдээллийн технологид суурилсан “Агаарын чанарыг хянах автомат станц”-ыг суурилуулж, холбогдох мэргэжилтнүүдийг сурган дадлагажуулж, ажиллуулж эхэллээ.


Энэхүү ажил Монгол Улс, БНСУ-ын Байгаль орчны яамдын хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын 8.9 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй “Монгол Улсад агаарын чанарын удирдлагын нэгдсэн тогтолцоог бий болгох” төслийн нэг хэсэг юм.


Төслийн гол зорилго нь улс орон даяар агаарын чанарыг тасралтгүй, найдвартай хянах орчин үеийн системийг нэвтрүүлж, мэдээллийн хүртээмжийг сайжруулахад оршино. Баян-Өлгий аймаг нь тус автомат станцыг суурилуулсан хоёрдугаар шатны эхний аймаг бөгөөд улсын хэмжээнд 8 дахь аймаг болж байна.


Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн удирдлагууд болон БОУАӨЯ-ны холбогдох мэргэжилтнүүд, Монгол, БНСУ-ын төслийн хамтарсан багийн төлөөллүүд оролцлоо.


Шинэ станц нь хүхэрлэг хий (SO), азотын ислүүд (NOx), нарийн ширхэгт тоосонцор (PM10, PM2.5) зэрэг нийт зургаан үзүүлэлтээс дөрвийг 24 цагийн турш, жилийн 365 хоног тасралтгүй автомат аргаар хэмжих чадвартай.


Өмнө нь агаарын чанарыг өдөрт гурван удаа сорьц авч, химийн аргаар шинжилдэг байсан бол одоо таван минут тутамд бодит цагийн мэдээлэл авч, үр дүнг шууд боловсруулах боломжтой болсон нь онцлог юм. Энэхүү шинэ систем нь орон нутгийн агаарын чанарыг сайжруулах, иргэдэд үнэн зөв мэдээлэл хүргэхэд томоохон дэвшил болж байгаа бөгөөд эрүүл орчныг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.




Related news