Хэнтий аймагт өрнөсөн 2015 оны онцлох үйл явдлыг нэрлэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-10 22:26:44

Аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар 2015 оны Хэнтий аймгийн онцлох 10 үйл явдлыг нэрлэлээ

Хэнтий аймагт их бүтээн байгуулалт өрнөж, малын тоо толгой өссөн, Хэнтий нутагт арслан төрсөн, аялал жуучлал, гадаад харилцаа өргөжсөн жил болж өрнөлөө хэмээн Аймгийн Засаг Дарга Ж.Оюунбаатар хэллээ.

1.Үндэсний бахархалт “Бурхан Халдун” Хайрхан дэлхийн өвд бүртгэлтэй боллоо

Хамаг Монгол Улс хийгээд Их Монгол гүрэн, Монгол туургатны сүлд хайрхан болсон өнө эртний түүхтэй “Бурхан Халдун” уулын тэнгэрийг тайх тахилга, Монгол Улсын бүх цэргийн хар сүлдийг цэнгүүлэн тахих төрийн их ёслол Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт орших Бурхан Халдун уулнаа 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ёслол төгөлдөр боллоо. Тахилгын дараагаар ХБНГУ-ын Бонн хотноо зургаадугаар сард чуулсан ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулганаар “Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг”-ийг соёлын ангиллаар Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэлээ. Бурхан халдун уулыг Дэлхийн өвд бүртгэсэн нь Чингис хааны намтар түүхтэй холбоотой түүх, соёлын өвийг судалж тогтоох, хадгалж хамгаалах, дэлхий дахинаа сурталчлан алдаршуулахад үнэтэй хувь нэмэр боллоо.

2.”Аймаг бүрт 1000 айлыг орон сууц” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, Хэрлэн хорооллыг ашиглалтад орууллаа   

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр”-ийн хүрээнд “Аймаг бүрт 1000 айлын орон сууц” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн 2015 онд төр хувийн хэвшлийн түншлэлээр 326 айлын орон сууцны иж бүрэн “Хэрлэн хороолол”-ыг ашиглалтад оруулж, Чингис хотын өнгө үзэмжийг нэмэгдүүллээ.

Хэнтий аймгийн хэмжээнд 2013-2015 онд нийт 758 айлын орон сууц ашиглалтад оруулж, 2016 онд ашиглалтад оруулахаар 281 айлын орон сууцны барилга угсралтын ажил үргэлжилж байна.

3.“Архигүй Хэнтийчүүд” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр 1000 гаруй иргэн архины хамаарлаасаа ангижирлаа

Аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатарын санаачилсан “Архигүй Хэнтийчүүд” хөтөлбөр нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Архигүй Монголын төлөө хамтдаа” уриалгыг дэмжсэн бодит ажил боллоо.

“Архигүй Хэнтийчүүд” хөтөлбөр дөрвөн жилийн дотор 1000 хүнийг архины хамаарлаас ангижруулах зорилтоо гурван жилийн дотор биелүүлж, 1000 гаруй иргэнийг буруу зуршлаас нь салгалаа.

Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулж орон нутгийн хөгжлийн сангаас 2013 онд 66.7, 2014 онд 247.7, 2015 онд 177.2 нийт 466.4 сая төгрөг төсөвлөн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг санхүүжүүлэн ажиллалаа.

4.Хан Хэнтий нутгаас Монгол Улсын Арслан цолтон шинээр төрлөө

Эзэн богд Чингис Хааны өлгий Хан Хэнтий нутгаас төрөн гарсан алдар цуутай бөхчүүдийн залгамж халаа нь болж идэр залуу 22 насандаа энэ жилийн Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 94 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд ес даван түрүүлж, “Монгол улсын арслан” хэмээх эрхэм цолыг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын унаган хүү Энхтөгсийн Оюунболд хүртлээ.

Түүний энэхүү түүхэн амжилт нь хагас зууны дараа гаргаж байгаа амжилт бөгөөд өдгөөгөөс 52 жилийн тэртээ буюу 1963 онд Монгол Улсын дархан аварга Ж.Мөнхбат Ардын хувьсгалын 42 жилийн ойн баяр наадамд 22 насандаа түрүүлж, хамгийн залуудаа Монгол Улсын арслан цол хүртсэн бөхөөр түүхэнд нэрээ бичүүлж байжээ. Монгол Улсын Даяар дурсагдах, Далай даян, Дархан аварга, Хөдөлмөрийн баатар Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ 1999 оны Төрийн их баяр наадамд 12 дахь түрүүгээ авснаас хойш 16 жилийн дараа ийнхүү Хан Хэнтий нутагт төрийн наадмын түрүү магнай төрлөө.

5.“Цахим Хэнтий” хөтөлбөр хэрэгжснээр үр дүнгээ өгч байна

2014 оноос ОНХС-ийн 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж эхэлсэн “Цахим Хэнтий” хөтөлбөр амжилттай хэрэгжиж, улам боловсронгуй болж байна.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 2015 онд аймгийн ЗДТГ-ын харъяа агентлаг, хэлтсүүдийг хамруулсан иргэдэд төрийн үйлчилгээ болон ил тод байдлыг ойртуулах үүднээс мэдрэгчтэй дэлгэц бүхий “Иргэний цахим мэдээллийн систем”-ийг шинээр нэвтрүүлэн ажиллуулж эхлээд байна. Ингэснээр иргэд интернэтийн сүлжээ бүхий газраас өргөдөл хүлээн авах, хариу өгөх, хянах боломжтой болсны зэрэгцээ гар утаснаасаа болон тус дэлгэцнээс хүссэн мэдээллээ хялбархан авах боломж бүрдэж байгаа юм.

“Цахим мэдээллийн цогц систем-offshare” системийг Хэнтий аймгийн төрийн байгууллагууд, сумдын ЗДТГ-т бүрэн  нэвтрүүлснээр  байгууллага хоорондын үйл ажиллагааг цахим, ухаалаг хэлбэрт шилжүүлж, цаасаар явагддаг шат дамжлагыг эрс багасгаж, төсвийн хөрөнгийг хэмнэхэд чухал нөлөө үзүүлэхийн зэрэгцээ ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд чухал алхам боллоо.

 6.Гадаад харилцааны чиглэлээр хөрөнгө оруулалтыг өмнөх оноос 50 хувь нэмэгдүүлж чадсан

Хамтын ажиллагаа: Манай аймгийн гадаад харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж байна. Хөрш орнуудаас гадна БНТУ, БНСУ, Кувейт улстай хамтран ажиллаж, харилцан айлчиллаа.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот, Шилийн гол аймагтай гадаад харилцаагаа сэргээж, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах төлөвлөгөөг боловсруулж байна.

Боловсрол:  Өвөр байгалийн хязгаарын дунд мэргэжлийн боловсрол олгох улсын сургууль Чит хотын техникум, коллежид нийтдээ 7 мэргэжлээр 4 оюутан, БНТУ-ын Засгийн газрын зардлаар Өмнөдэлгэр сумаас Э.Аззаяа Адана хотын Cukurowa их сургуульд тус тус суралцаж байна.

Хөрөнгө оруулалт:

-БНХАУ-ын ӨМӨЗО-оос “Хан Хэнтий”, “Тэмүүжин” цогцолбор сургуульд нийтдээ 60 сая төгрөг /компьютер, хөгжим, үйл ажиллагаанд/
Японы Засгийн газрын “Өвсний үндэс” хөтөлбөрөөс нийтдээ 347 сая төгрөг /Цэнхэрмандал суманд 40 хүүхдийн дотуур байр, Дархан сумын сургуулийн засвар/
БНСУ-ын Чежү арлын Согипу байгууллага Жаргалтхаан суманд нийт 25 сая төгрөг /30мх6м хэмжээ бүхий 2 ширхэг хүлэмж байгуулж, хүлэмжийн аж ахуй эрхлэх сургалт зөвлөгөө/
БНХАУ-ын Ляо Нин мужийн Жинь Жоү хот 300 сая төгрөг /сэнс, нарны хосолмол гудамжны гэрэлтүүлэг/
-ДЗМОУБ-ын ОНХХ-өөс 858,6 сая төгрөг /Хэнтий аймгийн хэмжээнд/
Кувейт улсаас “Өндөрхаан” нисэх буудлыг шинчлэх, олон улсын нисэх буудал болгоход шаардагдах 15 сая доллар /хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлэх талаар санал солилцсон/

-Гадаад харилцааны чиглэлээр 2015 оны хөрөнгө оруулалт 2014 оныхоос 427,4 сая төгрөгөөр буюу 50 хувиар нэмэгдсэн байна.

7.“Нэг зуун мянган мод тарьж ургуулах” хөдөлгөөн өрнүүлэн улсад 2 дугаар байрт шалгарч, Ногоон аймаг боллоо

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны “Нэг сая мод ургуулах тухай” тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор яамнаас хуваарилсан 40 мянган ширхэг мод тарих амлалтыг 100 хувьтай байлгах зорилгоор “Нэг зуун мянган мод тарьж ургуулах хөдөлгөөн”-ийг өрнүүлэн ажиллалаа.

Уг хөдөлгөөнийг сумдын Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсгийг 18 сум 5 тосгон тус бүрт байгуулж 2015 оны 04 дүгээр сарын 20-ноос 10 дугаар сарын 20-ны хооронд өөрийн сумын хуваарьт модыг тарьж, усалж, арчлан ургуулах ажлыг зохион байгууллаа. “Тус ажлын хүрээнд Хэнтий аймагт нийт 83790 ш мод, бут сөөг тарьж, 5245 метр квадрат газрыг зүлэгжүүлж, 1136 м.кв талбайд цэцгийн мандал, 7 бичил цэцэрлэгт хүрээлэн шинээр байгуулагдсан бөгөөд нийт 23,4 мянган иргэн, давхардсан тоогоор 1024 аж ахуйн нэгж байгууллага, 7,6 мянган айл өрх оролцож, нийт 99.5 сая төгрөгийг зарцуулсан байна.

Энэ амжилтаараа улсын хэмжээнд Хэнтий аймаг нь ажлын зохион байгуулалт, үр дүн, шинэ санаачлагаараа манлайлан улсад 2 дугаар байрт шалгарлаа.

8.Чингис хотын цахилгаан дамжуулах төвийн хүчин чадлыг 60 хувь нэмэгдүүлж чадлаа

Хэнтий аймгийн Цахилгаан дамжуулах байгууламж 110/35/6 кВт-ын дэд станц нэг трансформатортай тул удаан хугацаанд үйлчилгээ хийгдээгүйн улмаас цахилгаан дамжуулах найдвартай байдал нь алдагдаж эхэлсэн. Орон нутгийн бүтээн байгуулалт эрчимтэй нэмэгдэхийн хэрээр шаардлага хангаж чадахгүй байдалд хүрч, өвлийн улирлын оргил үедээ 90 хувь хүртэл ачаалалтай ажиллаж байсан юм. Дэд станцын өргөтгөлийг хийлгэх саналыг ЭХЯ-ны Сайд болон “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн удирдлагад удаа дараа тавьсны үр дүнд албаны хүмүүс газар дээр нь танилцаж уг асуудлыг шийдвэрлэснээр Өндөрхаан дэд станцын хүчин чадлыг нэмэгдүүлэхээр 110/6кВт гаргалгаатай трансформаторыг Улаанбаатараас шилжүүлэн авчирч суурилуулан тоноглож, Чингис хотын цахилгаан дамжуулах төвийн хүчин чадлыг 60 хувь нэмэгдүүлж чадлаа. Энэ ажилд орон нутгаас 60 сая, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК 400 гаруй сая төгрөгийг тус тус зарцуулан амжилттай хэрэгжүүллээ.

9.Монголын Хүүхдийн Спортын V их наадамд “Шилдэг 10” аймгийн нэгээр шалгарлаа

Монгол Улсын Засгийн газрын 359 дүгээр тогтоолоор Монголын хүүхдийн спортын V их наадам болж, шигшээ тэмцээнд Хэнтий аймгийн өсвөрийн баг тамирчид спортын 9 төрлөөр 73 тамирчин эрх аван өрсөлдөж хөнгөн атлетик, жүдо бөх, даам, шатар, гимнастик, чөлөөт бөхийн төрлөөр нийт 3 алт, 4 мөнгө, 18 хүрэл медаль хүртэж, 21 аймаг, 9 дүүргийн 30 багаас “Шилдэг 10″ аймгийн нэгээр шалгарлаа.

10.Хэнтий аймаг 8132 түүх соёлын үл хөдлөх дурсгалаа бүртгэж баримтжууллаа 

Аймгийн Засаг даргын захирамжаар Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын улсын тооллогын ажлыг 18 сум 88 багт зохион байгуулснаар 1165 орчим дурсгалт газрын 8132 түүх соёлын үл хөдлөх дурсгалыг тоолж бүртгэлээ. 2008 оны соёлын өвийн тооллогоор аймгийн хэмжээнд 281 дурсгалт газрын 3431 дурсгал хамрагдсан байдаг бол энэ удаагийн тооллогоор нэмж шинээр 884 дурсгалт газрын 4701 ширхэг дурсгалыг тоолж, бүртгэн баримтжууллаа.

О.Буянхишиг

 

Related news