Суурин газруудад евро2-4 стандартын шатахуун борлуулахыг хориглох зохицуулалт хийнэ гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-09-19 18:17:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын агаарын бохирдол дэлхийн дунджаас 5-6 дахин их гэсэн судалгаа бий. Энэхүү бохирдлын 10 орчим хувийг автомашинаас ялгарч буй хорт утаа эзэлдэг байна. Тиймээс өнөөдөр Ерөнхий сайдын ажлын алба, ЗТХЯ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос “Автотээврийн хэрэгслээс үүдэлтэй агаар, орчны бохирдлыг бууруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулав.

Монгол Улсын хэмжээнд 900 мянга гаруй автотээврийн хэрэгсэл бүртгэгдсэнээс 50 хувь нь Улаанбаатар хотод байгаа юм. Тиймээс нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахын тулд шатахууны стандартад гол анхаарлаа хандуулах шаардлагатай гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байлаа. Тухайлбал, ирэх оны тавдугаар сар гэхэд Улаанбаатарт хотод зөвхөн евро5 стандартад нийцсэн шатахууныг хэрэглэдэг болохоор ажиллаж байгааг ЗТХЯ-ны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд хэллээ.


Тэрбээр, “Төрийн зүгээс байгалийн хий болон цахилгаанаар ажилладаг тээврийн хэрэгслийг бодлогоор дэмжих хэрэгтэй. Мөн ирэх оны нэгдүгээр сараас эхлэн нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд хийх парк шинэчлэлтийг цахилгаан болон хийгээр ажилладаг, эсхүл евро5 стандартын хөдөлгүүр бүхий автобусаар хийх юм. Түүнчлэн дэлгүүр, ресторон болон бусад үйлчилгээний түгээлт хийдэг автомашинуудыг өдрийн цагаар хөдөлгөөнд оролцуулахгүй байх зохицуулалт хийхээр ажиллаж байна. Тухайлбал, том оврын ачааны машиныг хотын төвд нэвтрүүлэхгүй байх, нийслэлийн баруун болон зүүн захад ачааны логистик төв байгуулах зэрэг шийдвэрийн төслүүдийг өнөөдрийн зөвлөгөөнөөс гаргаж, УИХ болон Засгийн газарт хүргүүлнэ” гэлээ.




Монгол Улсын нийт түлшний хэрэглээний 97 хувийг ОХУ-аас импортолдог байна. Үүний дийлэнхийг евро2-4 стандартын түлш эзэлдэг аж. Харин Азийн бусад орны хувьд ихэвчлэн евро5-6 стандартын түлш хэрэглэж байгааг УУХҮЯ-ны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат дурьдаад, “Евро2-4 түлшний хүхрийн агууламж 500-2000 ppm байдаг. Харин бусад түлшнээсээ 50-100 төгрөгөөр өндөр үнэтэй байгаа евро5 стандартын түлшнийх 10 ppm байгаа юм. Тиймээс Улаанбаатар хот болон бусад томоохон суурин газруудад евро5-аас доош стандартын шатахуун борлуулахыг хориглох үүднээс холбогдох хуулиудад өөрчлөлт хийж байгаа. Тухайлбал, евро2-4 стандартын шатахууны татварын хэмжээг тодорхой хэмжээгээр нэмэх юм. Татварын бодлогоор түлшний үнийг тэнцвэржүүлснээр иргэд автомашины эдэлгээ, эрүүл мэндээ бодож сайн түлш хэрэглэх юм. Шатахуун импортлогч компаниуд ч евро5 импортлох сонирхолтой байгаа” гэлээ.

Мөн хуучирсан автомашины импортод хязгаарлалт хийх шаардлагатай гэдгийг АТҮТ-ийн удирдлагууд хэлж байлаа. Аливаа автомашиныг тодорхой хугацаанд засвар арчлалт хийж, эд ангийг нь сольсон тохиолдолд олон жил ашиглах боломжтой. Гэвч иргэд хуучин автомашиныхаа эд ангийг шаардлагатай үед нь сольдоггүйгээс агаарын бохирдолд мөн нөлөөлдөг хэмээн үзэж буйгаа танилцуулсан юм.

Мөн үер хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн зүгээс автомашинаас гарч буй хог хаягдал, тос зэргийг ашиглан үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээ танилцууллаа. Тухайлбал, 2011 онд байгуулагдсан “Алтан Оршихуй Групп” компаниаас техникийн хаягдал буюу ашиглагдсан тосыг дахин боловсруулж үйлдвэрлэсэн евро4 стандартын түлшээ танилцуулсан юм. Нийслэлийн Багахангай дүүрэгт байрлах уг компани 2014 оноос уг түлшийг зах зээлд нийлүүлж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд 4 сая литр байгальд техникийг тосыг дахин боловсруулжээ. Энэ нь нийт 280 сая ам дөрвөлжин метр газрыг хаягдал тосонд бохирдохоос сэргийлсэнтэй тэнцэж байгаа аж. Мөн уг компани цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлж, евро5 түлш үйлдвэрлэх боломжтой хэмээн үэзж байгаа юм.

Мөн “Ресайкл Парк” компани Налайх дүүрэгт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй“Хуучин болон ашиглалтаас  хасагдсан тээврийн хэрэгслийг  дахин боловсруулах төсөл”-өө товч танилцууллаа. Уг төслийн хүрээнд хуучин, ашиглалтаас гарсан автомашины өнгөт металь, хөргөгч бодис, дугуй, төмрийг ашиглан сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэх, БНСУ руу экспортод гаргах, төмрийн зуух үйлдвэрлэх ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Ингэснээр хуучирсан автомашинаас үүдэлтэй агаар, хөрсний бохирдлыг бууруулахад томоохон түлхэц үзүүлнэ гэдгийг хэлж байв.

Related news